Сумын цолтнуудын барилдаанд Б.Баянмөнх түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.02.09-нд нийтлэгдсэн

Сумын цолтнуудын барилдаанд Б.Баянмөнх түрүүлэв

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялсан" хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдаан үргэлжилж байна. Өчигдөр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болж, Тарвалин хийдийн нэрэмжит "Ханд бурханы адис хүртээх" сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Б.Төмөрбаатар, Б.Баянмөнх, З.Хангалбаатар, С.Очирсүх, Д.Батхүрэл, Т.Хайдавдорж, Д.Батцэнгэл, Ж.Идэрбат, Б.Гончигтавхай, П.Өсөхбаатар, У.Береке, Ц.Эрхэмбаяр нараар магнайлуулсан хүчит 384 бөх зодоглосон талаар undesniibukh.mn сайт мэдээлжээ.  Энэ жилийн сар шинийн барилдааны түрүүг булаалдахаар Ховд нутгийн залуучууд үлдсэнээс Мөнххайрхан сумын харьяат Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн бөх сумын заан Б.Баянмөнх түрүүлж, Зэрэг сумын харьяат сумын заан Б.Бат-Өлзий үзүүрлэж, Төв аймгийн Баян сумын харьяат сумын заан Д.Батсүх шөвгийн гуравт шалгарав.  Түрүү бөх Б.Баянмөнхийн хувьд нэгдүгээр сард болсон сумын цолтнуудын барилдаанд ес даван түрүүлж байсан юм. Дунд шөвөгт Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат ХААИС-ийн бөх, сумын заан Т.Мөнх-Эрдэнэ, Төв аймгийн Баян сумын харьяат Сүлд спорт хорооны бөх сумын заан Б.Энх-Очирхуяг, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат сумын заан Д.Батхүрэл нар шалгаран үлдлээ.

Харин уран барилдааны шагналыг Завхан аймгийн Ургамал сумын харьяат Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0277-р ангийн бөх чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан П.Өсөхбаатарт олгосон байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж