
Нээлттэй төсвийн судалгаа нь түүнд хамрагдсан улс орны төв засгийн газруудыг төсвийн найман гол баримт бичгийг олон нийтэд ил тайлагнасан байдал, мөн эдгээр баримт бичигт орсон мэдээллийн иж бүрэн, шуурхай, ашиглаж болохуйц байдалд үнэлгээ өгдөг. Уг судалгаанд Олон Улсын Валютын Сан, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага, Олон Улсын Аудитын Дээд Байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын боловсруулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлтээр улс орон бүрийн төсвийн ил тод байдлыг үнэлж, нэгдсэн индекс гаргадаг. Нээлттэй төсвийн индекс нь дэлхийн хүн амын 89% буюу 100 орны засгийн газрын төсвийн ил тод байдлын талаархи дэлхийн цорын ганц хараат бус, харьцуулсан хэмжигдэхүүн юм. Уг судалгааг Олон улсын төсвийн түншлэл байгууллагын Нээлттэй төсвийн санаачлагаас эрхлэн гаргадаг ба Монгол Улсыг үнэлсэн судалгааг Нээлттэй Нийгэм Форумын судлаачид хийж гүйцэтгэдэг.
Монгол Улс энэхүү судалгаанд анхнаас нь буюу 2006 оноос хамрагдаж ирсэн бөгөөд нийт авах ѐстой 100 онооноос 2006 онд 18, 2008 онд 36, 2010 онд 60 оноо харин 2012 онд 51 оноо авч өмнөх ахиулж байсан амжилтаасаа ухарсан дүнтэй гарсан байна. 51 оноо нь Монгол Улсын Засгийн газар тухайн жилийн улсын төсөв, санхүүгийн үйл ажиллагааны талаар зарим мэдээллийг л олон нийтэд өгдөг болохыг харуулж буй үзүүлэлт юм.
Монгол Улсын Засгийн газар төсвийн урьдчилсан мэдэгдэл, батлагдсан төсөв, гүйцэтгэх засаглалын төсвийн санал, жилийн явцын тайлангууд, жилийн эцсийн тайлан, аудитын тайланг нийтэлдэг бол харин хагас жилийн тоймыг дотоод хэрэгцээнд зориулж боловсруулдаг, иргэдэд зориулсан төсвийг огт боловсруулдаггүй байна.
Монгол Улсын хувьд Казакстан, Киркизстан зэрэг бүс нутгийн зарим улстай харьцуулахад хууль тогтоох байгууллага болон аудитын дээд байгууллагын чадавхийн хувьд хүчтэй гэсэн үнэлгээг авсан боловч төр засгийн хамгийн их ярьж анхаарч буй төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо үзүүлэлтээр сул дүнтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийн төлөвлөлт, хэлэлцэн батлах үйл явц, гүйцэтгэл ба хяналт гээд бүх шатанд иргэдийг оролцуулах механизм байхгүй, зарим нэг эхлэл санаачлага байгаа боловч хэрэгжилт, чанар сул, нээлттэй сонсгол хийдэггүй, олон нийт ямар нэг хэлбэрээр саналаа илэрхийлсэн байлаа ч тэдний саналыг тусгасан талаархи гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага, аудитын байгууллагаас гаргасан мэдээлэл байхгүй байгаа юм.
Монгол Улсын авсан 51 оноо нь Засгийн газар тэр бүр зардал шаардахгүй богино, дунд хугацааны цөөнгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэх замаар төсвийн ил тод байдлыг ихээхэн нэмэгдүүлэх боломж байгааг илэрхийлж байна.
- Ирэх оны төсвийн дэлгэрэнгүй тооцооллыг боловсруулах ажлын удирдамж болох Засгийн газрын бодлого, тэргүүлэх чиглэлийг тайлбарлах замаар Төсвийн өмнөх мэдэгдлийн иж бүрэн байдлыг нэмэгдүүлэх
- Хагас жилийн тоймыг нийтлэх
- Иргэдэд зориулсан төсвийн баримт бичгийг боловсруулах, нийтлэх. Энэ нь иргэдийн идэвхитэй оролцоог бий болгох, өдөөх чухал мэдээлэл болох юм.
- Дараах чиглэлийн мэдээллийг өгөхөд анхаарах замаар Гүйцэтгэх засаглалын төсвийн саналын иж бүрэн байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд:
- Төсвийн жилийн зарлагын чиг үүргийн ангилал, олон жилийн зардлын нийт дүнгийн тооцоо
- Төсвийн жилийн өмнөх жилийн зарлагын чиг үүргийн ангилал ба зарлагын гүйцэтгэл
- Төсвийн жилээс гадна хамгийн багадаа дараагийн хоёр жилийн болон төсвийн өмнөх жилийн орлогын таамаглал
- Төсвийн жилийн Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл хийгээд Засгийн газрын өрийн бүтэц
- Төсвийн жилийн өмнөх жилийн Засгийн газрын өр төлбөр болон өр төлбөрийн бодит гүйцэтгэл
- Макро-эдийн засгийн төрөл бүрийн таамаглалын төсөвт үзүүлэх нөлөө
- Зарлагад нөлөөлж байгаа хүчин төгөлдөр бодлогуудаас зөрүүтэй бодлогын санал, Засгийн газрын тодорхойлсон олон жилийн бодлогын зорилттой санал болгож буй төсвийн уялдсан байдал, санхүүгийн бус мэдээлэл, зарлагын хөтөлбөрийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүд, наад зах нь төсвийн жилийн хувьд улс орны хүн амын хамгийн ядуу хэсэгт шууд үр ашиг нь хүрэхээр төлөвлөсөн бодлогын талаарх мэдээлэл
- Төрийн өмчит газруудын шилжүүлгүүд, хагас санхүүгийн үйл ажиллагаа, зарлагын хойшлуулалт өр, нөхцөлт ба ирээдүйн өр төлбөр, санхүүгийн болон санхүүгийн бус хөрөнгө, татварын зарлага
- Сар бүрийн өр төлбөрийн бүтэц (хүүгийн хувь хэмжээ, валютын төрөл, гадаад болон дотоод г.м.)-ийн тухай мэдээллийг оруулах замаар Жилийн явцын тайлангийн иж бүрэн байдлыг нэмэгдүүлэх
- Макро-эдийн засгийн хувьсах хэмжигдэхүүнүүд, санхүүгийн бус үзүүлэлтүүд, гүйцэтгэлийн үзүүлэлт, ядуу хэсэгт чиглэсэн зорилтот хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хөрөнгө сан, төсвөөс гадуурх сангуудын тооцоо таамаглал, бодит гүйцэтгэлийн хоорондын ялгааны талаархи дэлгэрэнгүй тайлбарыг оруулах замаар Жилийн эцсийн тайлангийн иж бүрэн байдлыг нэмэгдүүлэх
- Тайланд хураангуй хэсгийг нэмж оруулах, төсвийн гадуурх сангуудын талаархи аудитын тайланг нийтлэх, аудитын зөвлөмжийн дагуу гүйцэтгэх засаглалаас авсан арга хэмжээний жагсаалт бүхий тайланг нийтлэх замаар Аудитын тайлангийн иж бүрэн байдлыг нэмэгдүүлэх
- Гүйцэтгэх засаглал төсвийн зориулалтыг өөрчлөхөд хууль тогтоох байгууллагын саналыг авах, төлөвлөснөөс илүү орлого, нөхцөлт буюу нөөц сангийн хөрөнгийг зарцуулахдаа хууль тогтоох байгууллагаар батлуулах; хууль тогтоох байгууллагын аль нэг хороо аудитын тайланг хянан үзэх
- Аудитын дээд байгууллагын төсвийг хууль тогтоох байгууллагаас тогтоох ба санхүүжилтийн хэмжээ нь аудитын дээд байгууллага өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийн хэмжээтэй бүхэлдээ уялдах ёстой.
- Төсөвлөлтийн үйл явцад оролцооны үндсэн ба шинэчилсэн механизмын аль алийг нь дээд түвшинд авчрах замаар төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог өргөжүүлэх, чанаржуулах
Мөн судалгаанд хэдийгээр хөндөгдөөгүй ч дараах асуудлуудыг шийдвэрлэх замаар төсвийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Нээлттэй нийгэм форумын зүгээс үзэж байна. Үүнд:
- Мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хуулинд заасан мэдээллийг олон нийтэд хүргэх, төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах тухай зохицуулалт биелэхгүй байгаад УИХ-ын зүгээс анхаарлаа хандуулж, энэ асуудлаар Засгийн газраас тайлан гаргуулж, мэдээлэл сонсох
- Төсвийг тодотгох үед төсвийг анх батлахтай нэгэн адил ил тод, нээлттэй байдлыг хангах тал дээр онцгойлон анхаарах
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ба хийгдэж буй төслүүдийн гүйцэтгэлийг нэг бүрчлэн тайлагнаж, хэлэлцэх шатанд яваа төслүүдийн Техник, эдийн засгийн үндэслэлийг хураангуй хэлбэрээр олон нийтэд мэдээллэх
- Хөгжлийн банкны зүгээс хэрэгжүүлж буй болон 1.5 тэрбум долларын бондын санхүүжилтээр гүйцэтгэх төслүүдийн талаар төсвийн нэгэн адил иж бүрэн мэдээллийг олон нийтэд хүргэх зэрэг орно гэжээ.