Алдсан гар утсыг хайх боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Алдсан гар утсыг хайх боломжтой юу?

Гар утасны хулгай бизнесийн сүлжээ болтлоо “хөгжиж” байна. Халаасны хулгайчид үйлдэл дээрээ баригдаж, эд зүйлийг нь эзэндээ буцааж өгөхдөө ичиж эмээсэн царай алга. Ингэж бичиж, анхааруулсан сэтгэгдэл фэйсбүүк, твийтэрээр цөөнгүй харагдах болсон. Уг нь иргэд алдсан зүйлийнхээ араас идэвхтэй хөөцөлдөн цагдаад мэдэгдвэл энэ “бизнес”-ийг зогсоох боломжтой гэж Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн хэлсэн юм. Мөн үүрэн телефоны оператор компаниуд санаачлага гарган ажиллаж, бүртгэлийн IMEI дугаараар хайх боломжтой аж. Энэ талаар “Мобиком” корпорацийн Маркетингийн албанаас тодрууллаа.

-Манай компани хэрэглэгчдийн санал хүсэлтийн дагуу гээсэн, хулгайд алдсан гар утсыг илрүүлэх, урьдчилан сэргийлэхийн тулд ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан. Анх 2009 онд гар утасны бүртгэл IMEI дугаараар илрүүлэх, сүлжээндээ хаах боломжийн талаар судалж үзсэн юм. Хэрэглэгчийн ихэнх нь урьдчилсан төлбөртэй, бүртгэл нь тодорхой бус байдаг. Зах зээлд нийлүүлэгдэн ашиглаж байгаа утаснуудыг хянах албан ёсны зохицуулалтгүй, IMEI дугаар нь ижил тохиолдол олон учраас нэгийг нь хаавал бусад нь ажиллахгүй болох талтай. Судалгаагаар IMEI дугаар бүхий гар утас 10 мянга гаруй байх жишээтэй. Бүх оператор компаниуд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ юм. Жишээ нь “Мобиком”-ын сүлжээнээс хасаж хаалаа гэхэд өөр нэг оператор компанийн сүлжээнд ашиглагдах боломжтой болдог. Бид өөр бусад шийдлүүдийг судалж үзсэний дагуу ухаалаг гар утсанд гээж алдсан тохиолдолд хаах, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, нөөцөлж авах боломжтой “McAfee® Mobile Security” гэдэг програм хангамж дээр суурилсан үйлчилгээг нэвтрүүлээд байгаа. Ухаалаг гар утасны хэрэглээ нь өсөн нэмэгдэж байгаа энэ үед хэрэглэгчийн нууц мэдээллийг хадгалах, бусдад алдахаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж