Төрийн нууцын жагсаалтын хуулийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Төрийн нууцын жагсаалтын хуулийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн талаар бид мэдээлсэн. Чуулганы хуралдааны эхэнд “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд хамгийн сүүлийн гишүүн буюу 15 дахь гишүүнээр Ш.Батцэцэгийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, 85 хувийн саналаар дэмжлээ.

Чуулганы хуралдааны дараагийн асуудал нь “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” байлаа. Хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэн баталлаа.

Үүний дараа  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дээрхи төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр асуулт асуух гишүүд байгаагүй тул санал хурааж, 81 хувийн саналаар батлагдлаа.

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд эцсийн хэлэлцүүлгээр батлах саналыг гаргасан байна. Үүний дараа гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Өмнө нь УИХ-ын чуулганы хуралдаанаар унасан асуудал байсан. Энэ асуудлыг Нууцын тухай хуультай хамтатган цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй гэсэн саналыг өмнөх хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс гаргаж байсан. Мөн иргэд мэдээлэл авах автомат машиныг манай бүлэгт танилцуулна гэж байсан ч танилцуулаагүй.  Энэ хуулийг цогцоор нь шийдэхгүй, дангаар нь оруулж ирээд яаравчлаад байгааг тайлбарлахыг хүссэн юм.

Ажлын хэсэг:

-Машины хувьд цаг гаргавал танилцуулна гэсэн ч цаг гаргаагүй. Машин нь ганцхан загвар байгаа. Бид зөвхөн загварын танилцуулж байгаа. Хууль батлагдсаны дараа машин оруулж ирэх асуудал яригдана.

Үүний дараа санал хурааж Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсал дэмжигдсэнгүй.

Үүний дараа  чуулганы хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаас анхны хэлэлцүүлгээр дэмжих санал гаргасан тул 82 хувийн саналаар батлагдлаа.
Одоо чуулганы хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдсан хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсч байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж