АНУ-ын Флорида мужийн зураач Кристиан Рамос гэгч элдэв төрлийн хэдэн мянган ширхэг үрлэн чихэр, амттан ашиглан алдартнуудын хөргийг урлажээ. Тэрбээр дэндүү амттай эдгээр бүтээлдээ Мерилин Монро, Бейонсе, Лэди Гага, Ники Минаж зэрэг алдартнуудыг дүрсэлсэн байна.
Мексикээс гаралтай, 32 настай зураач янз бүрийн чихэр, бохь, цэлцэгнүүр зэргийг ашигладаг ба нэг зурагт 5000 орчим амттаны элемент ордог ажээ. Түүний хамгийн том бүтээл нь бодит хэмжээгээр зурсан мотоцикль бөгөөд үүнд 20 мянга гаруй чихэр хэрэглэсэн гэнэ.
Дөрвөн жилийн өмнө зураач цэцэрлэгт зугаалж яваад хүү нь унаад уйлахад чихэр өгч байгаа эцгийг харжээ. Хүүхэд өвдсөнөө даруй мартаад инээж байсан гэнэ. Ингээд Рамос чихрээр бүтээсэн зураг нь урлаг болоод баяр баясгаланг холбож өгнө гэж боджээ. Зураач бүтээлдээ ганц ч дусал будаг хэрэглэдэггүй гэнэ.
Ш.МЯГМАР
