
Тэрбээр эдүгээ БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай англи хэлний гүнзгийрүүлсэн, урлагийн сонгон суралцах сургалттай “Гэрэлт ирээдүй” дунд, ахлах сургуулийн сургалтын менежерээр ажилладаг. Улс, нийслэлийн хэмжээнд 24-ийн Олзвой гэдгээр нь багагүй хүмүүс мэднэ.
БШУЯ-наас хүүхэд бүрт хүрч ажилладаг багш нарыг сэтгүүлчдийн тусламжтай олж илрүүлэх, тэдний туршлагыг бусдад судлуулах зорилготой нийтлэлийн уралдаан зарласныг дуулмагц толгойд “Олзвой багш” гэсэн дохио шууд хангинасан юм. Хичээлээ яаж заадаг, хүүхдийг хэрхэн хүн болгож, амьдралын замд гаргадгийг нь мэдэх болохоор түүний тухай бичихээр шийдэв. Миний бие багшийг долоон жил судалсан. Охин маань түүний 2006 оны буюу 24 дүгээр сургуулийнх нь шавь бөгөөд дөрөвдүгээр ангиас нь анги удирдсан болон монгол хэл уран зохиолын багшаар нь ажилласан юм.
Охин дөрөвдүгээр ангийн бяцхан сурагч байхдаа ээж, аав, эмээ, өвөөдөө өөртөө тохиолдсон бүхний талаар яриад байдаг байлаа. Нэг удаа манай Олзвой багш болж өгвөл аав ээжтэйгээ сайн ярьж бай, гэхдээ замбараатай ярьж бай, гудамжны үг хэрэглэж болохгүй, уншсан ном зохиол, үзсэн киноныхоо талаар, найз нөхдийнхөө тухай ч ярьж бай гэсэн юм” гэв. Тэгэхэд багш нь хүүхдийн ярих, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх гэж байгаа юм байна гэж ойлгосон.Жил ирэх тусам охины хэл ярианы хөгжил сайжирч байлаа. Дөрөвдүгээр ангидаа үг үеэр задалж, утга тайлбарлаж инээгээд байдаг байсан охин анги ахих тусам монгол хэл, уран зохиолын хичээлээр сонирхолтой даалгаврууд гүйцэтгэж байлаа. Эцэг эхийн хуралд суухад багш “Эцэг эхчүүд ээ, математик болон байгалийн шинжлэх ухааны бусад хичээлээр хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг гэж зарим багш ярьдаг.Харин монгол хэлний хичээлээр түүнээс ч илүү хөгжүүлдэг юм шүү. Та нар хүүхэд чинь даалгавраа сайн хийж байгаа эсэхэд хяналт тавиад өгөөрэй.
Эх хэлээ сайн сурч, мэдсэн хүүхэд гадаад хэл сайн сурах төдийгүй ямар ч чиглэлийн их, дээд сургуульд сурахад багшийн заасныг хүлээж авах маш сайн хөрс бүрэлдсэн байх болно” гэдэг байлаа.Заримдаа бидэнд хүүхдүүдэд маань заадаг хичээлээ орох шахдаг байсан юм. Ес билүү, аравдугаар ангидаа охин маань бүтээлийн сан хийж байна гээд л байсан. Юу байдаг юм бол доо гэж бодож байтал “Зохиолын уран сайхны онцлогийг задлан тайлбарлах нь” сэдвээр маш их зүйл хийж түүнийгээ A үнэлгээтэй хамгааллаа л гэсэн. Энэ ажлыг хийлгэхийн тулд багш өмнө нь сурагчидтайгаа хамтран хийсэн ажилдаа тулгуурлан үйл ажиллагааны дараалал өгсөн тул охин маань өөрөө нэг зохиол сонгож аваад маш их зүйлийг уншиж олон талаас нь харж өөрийн бүхий л хүч чадвараа дайчлан хийсэн байлаа. Хийж дуусаад өөрөө бүтээлийн сангаа яаж хийсэн талаар дүгнэлт бичсэн байв. Түүндээ “Энэ бүтээлийн санг хийхийн тулд би хуруугаа цоортол ном эргүүлсэн тул эх зохиолоо би лав сайн сонгосон” гэж бичсэн байж билээ. Тэгээд ч зогсохгүй өнөөх ажлаа аав ээж хоёртоо яаж хийсэн тухайгаа ярьж өгөөд бид хоёрын сэтгэгдлийг бичүүлж бас ангийнхаа хоёр сурагчид ярьж өгөөд сэтгэгдлийг нь бичүүлж авсан байлаа. Энэ бүхний эцэст багш үйл ажил бүрт оноо өгч, алдаа оноог нь бүтээлийн сангийн ард бичсэн байв.Охины ангийнхан тэр үед хийж байсан бүтээлийн сан хийх даалгаврынхаа утга учрыг одоо ажил дээр гарсан хойноо ойлгож, багшийн заасан эрдэм өдгөө ажил хэрэгт нь алхам тутамд нь хэрэг болж буй, цаашид насан туршид нь тус болох нь гэж ярьсаар байдаг юм. Бизнесийн байгууллагын шинэхэн ажилтнууд болоод буй шавь нар нь дарга, захирал, гадаад түнш хэнтэй ч бай амаар болон бичгээр харилцахдаа өнөөх л Л.Олзвой багшийн эзэмшүүлсэн асуудлын голыг олох, товч, тодорхой, ойлгомжтой байх, санаа бодлоо зөв оновчтой илэрхийлэх, цаг хугацааг сайтар төлөвлөх, үүрэгт ажлыг цагт нь чанартай гүйцэтгэх чадвар амин чухал хэрэг болдог гэж ярьдаг. Чухамхүү хүүхэд бүрт хүрч ажиллах, тэднээр хүн хийхийн үлгэрийг Л.Олзвой багш ийн үзүүлдэг сурган хүмүүжүүлэгч.Чухамхүү хүүхдийг сургах явцдаа ажил, амьдралд бэлтгэх нь боловсролын сайн бодлого биз ээ.
Нийтлэл бичих гэж байгаа тухайгаа багшид дуулгаж, заах арга зүй, туршлагаасаа ярьж өгөхийг хүсэхэд “Намайг рекламдах яах вэ. Одоо хэрэглэж байгаасургалтын технолгийн талаар дурдаж бичвэл бусдад хэрэгтэй байж магадгүй” гэсэн юм.
Нийслэлийн боловсролын газраас 2000 оноос БНСУ-ын доктор Вон Дун Ёнь багшийн “Бүх талын боловсрол олгох сургалтын таван талт зарчим”-ыг сургалтад хэрэгжүүлэхээр нэлээд сургалт явуулсан ч үр дүнд төдийлөн хүрээгүй зогсчээ. Вон Дун Ёнийн номонд Л.Олзвой багшийн эрж хайж байсан зүйлбайсан учраас эдүгээ ажиллаж буй “Гэрэлт ирээдүй” сургуулийнхаа хүүхдүүдэд зааж, хэрэгжүүлэх боломж олджээ. Өмнө нь заадаг ангидаа л хэрэгжүүлдэг байсан бол одоо сургуулийн хэмжээний бодлого болгов. Тэгээд ч өнөөгийн БШУЯ хүүхэд бүрийг хөгжүүлэх, хүнээр хүн хийх бодлого баримталж буй нь багшийн хувьд мөрөөдөл нь тул ихэд баярлан ажиллаж бүтээх урам зориг нь нэмэгджээ.
Тус сургууль хичээлдээ “Чимээгүй цаг” оюуны дасгалыг ашиглаж эхэлсэн байна.
Түүнээс гадна ямар ч бүлэг сэдэв заасан мэдээлэл боловсруулахдаа:
1. Мэдээллийг тусган хүлээж авах
2. Мэдээллийг боловсруулах
3. Мэдээллийг гадагш нь илэрхийлэх гэсэн гурван шатлалыг заавал хэрэглэдэг аж. Энэ ямар арга зүй, сургалт вэ. Эдгээр шатлалаар сурагчидтай ажиллахад хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгждөг бөгөөд хүүхэд нэг бүрийн онцлогийг нээж чаддаг байна. Хүүхэд багшийн заасныг тусган хүлээж авна. Гэрт нь өөрсдөө тухайн сэдэв дээр ажиллаад бодит бүтээлийн сан хийх даалгавар өгөхөд хүүхдүүд тархиндаа мэдээллийг боловсруулдаг. Харин ангид ирээд гэртээ юу хийснээ гүйцэтгэсэн үе шатлалын дагуу ярьж тайлбарлаж, эцсийн дүнд юу гаргаж авснаа дүгнэдэг. Энэ бол хүүхэд мэдээллийг хүлээж авч боловсруулаад гадагш нь өөрийнхөө ойлгосноор илэрхийлж буй арга. Үүний үр дүнд дээр дурдсан өөрсдийг нь хөгжүүлсэн бүтээлийн сан бэлэн болдог. Аль ч ангид хүүхдийн бүтээлийн санг жилд нэг хүүхдээр хоёр удаа буюу хоёр, дөрөвдүгээр улирлын эхэнд хийлгэдэг. Улирлын эцэс болохоор багш сурагчдыг даалгавраар дарчихдаг учир үүнээс зөрүүлж байгаа нь энэ. Энэ гурван, нарийвчилбал есэн үе бүхий шатлалыг хэрэглэж хичээл заадаг болсны дараа бусад багшийн хичээлийг харж байхад зөвхөн эхнийхийг хийгээд хичээлээ дуусгаж байдаг бөгөөд энэ үед хүүхдэд “Хуурмаг мэдлэг” тогтдог болохыг олж тогтоожээ. Үүнийг багш нар “Хүүхэд бичиж, уншиж, хариулж байхад болж байгаа” гэж ярьдаг. Үнэндээ энэ нь мэдлэг дамжуулж тогтоолгох арга бөгөөд хүүхэд заасныг гэртээ харих замдаа мартдаг гэж ярьж байлаа.
Л.Олзвойбагш2009 онд тэтгэвэрт гарч, “Гэрэлт-Ирээдүй” сургуульд сургалтын менежерээр очсон. Тэгснээр багшаас арай илүү эрхтэй болж өөрийнхөө бодож санаж явсныг буюу“Бүх талын боловсрол олгох сургалтын таван талт зарчим”-ыг хэрэгжүүлж, “Хүнээр хүн хийх” зорилго тавин ажиллаж байна. Дээр дурдагдсан БНСУ-д нэрд гарсан боловсролын мэргэжилтэн Вон Дун Ёнь багш “Гэрэлт-Ирээдүй” сургуульд 2011, 2012 онд ирж, багш нартай уулзаж, БНСУ-аас ирсэн мэргэшсэн хоёр багшаар 14 хоногийн сургалт зохион байгуулжээ. Ингэснээр тус сургуулийн сурагчид бүтэн жилийн турш өглөө бүр “Чимээгүй цаг” оюуны дасгал хийж, өдөрт орсон хичээлээрээ юу чаддаг болсноо тэмдэглэх болсон.Тэмдэглэлээ ангийн багшдаа шалгуулж үнэлүүлээд, өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтөлж сурсан юм. Тэд энэ бүгдээр дамжуулаад өөрийгөө удирдах аргад суралцаж байна. Үүнийг хэвшүүлэхийн тулд багш нар маш уйгагүй ажиллаж шавь нараа урам хайрлаж, хичээнгүй ажиллаж буйг заавал дурдах хэрэгтэй юм.
Л.Олзвой багштай уулзаж сургаалыг нь сонсохыг хүслээ. Тэгэхэд өнөө л товч тодорхой ярьдаг зангаараа анхаарвал зохих хэдэн зүйлийн талаар хөндсөн юм.
Хүн амжилт гаргаж л байгаа бол бэрхшээлийг даван туулдаг бөгөөд түүгээр дамжуулан өсч хөгжиж байдаг. Ингэж хөгжих явцдаа жинхэнэ эрдэм мэдлэгийн үнэ цэнийг мэдэрдэг. Манай улсын багш нар өнгөрсөн хугацаанд сайн сурахад л бүх анхаарлаа хандуулж байснаас сайн хүн төлөвшүүлэх ажлыг нэр төдий хийж ирсэн нь хэд хэдэн сул тал бий болгосон. Үүнд:
1. Сурагчдын үнэлгээ өндөр мөртөө хэрэгцээ гарсан үед түүнийгээ хэрэглэж чаддаггүй. Жишээ нь англи хэлний хичээлд 90-100 хувийн үнэлгээтэй байж ярих, орчуулах наад захын чадваргүй, байгалийн шинжлэлийн хичээлд өндөр дүнтэй ч шинжлэх ухаанч сэтгэлгээгүй, яагаад химийн хичээл сонирхож байгаа, яагаад физикийн хичээл сонирхож байгааг асуухад үнэхээр сонирхолтой юм байна гэж бодогдохоор хариулт өгч чаддаггүй.
2. Сургалт хүмүүжлийн ажлын явцад хувь хүн рүү чиглэсэн зүйл ерөөсөө хийгддэггүй. Нийт дунд нь мэдээлэл цацаад түүнийг тогтоосон нь оноо авч цаашаа сурна, тогтоогоогүй нь хоосон үлдэж бусдад зөвшөөрөгдөхөд хэцүү болно. Цаашдаа өөрийнхөө чадварыг дээшлүүлэх боломж олохгүй байсаар чадваргүй хүн болж, хүсч байгаа аз жаргалтай амьдралаа олж чадахгүйд хүрч байна гэж байлаа.
Хүн төрөлхтний хөгжлийн түүх бол “хүнээр хүн хийх” бөгөөд энэ үйлсийг хөтлөгч нь багш. Өнөөдрийн түвшинд манай улсад энэ асуудал нэлээд хоцроод буй. “Юу мэдүүлэх вэ, ямар дүн авах вэ гэдэг нь чухал болохоос ямар хүн болох вэ гэдгийг орхигдуулсаар ирсэн. Би ямар үнэ цэнэтэй вэ, миний амьдрал ямар үнэ цэнэтэй вэ, үнэ цэнийг бий болгохын тулд яах ёстой вэ, үнэ цэнээ яаж өсгөх вэ зэрэг асуултад “Бүх талын боловсрол олгох таван талт сургалтын зарчим” хариулт өгдөг. Энэ технологи нь хүүхдийг оюуны чадамжтай, сэтгэлийн тэнхээтэй, эрүүл бие бялдартай, өөрийгөө аваад явах, бусадтай харилцах чадвартай болгож төлөвшүүлдэг. Ийм хүн бол бодит чадвартай хүн юм.
Өрнөдийн нэг зүйр цэцэн үгэнд ”Бодол санаа өөрчлөгдвөл үйлс өөрчлөгддөг, үйлс өөрчлөгдвөл зуршил, зуршил өөрчдөгдвөл зан чанар, зан чанар өөрчлөгдвөл амьдрал өөрчлөгдөнө” гэж өгүүлсэн байдаг. Эндээс аваад үзвэл хамгийн чухал нь бодол санааг үйлс болгох бөгөөд нэгэнт бодол санааг үйлс болгож чадвал бусад зүйлийг өөрчлөхөд хялбар болно гэдэг. Хүүхдийг сайн хүүхэд болгох нь чухал биш, өөрчлөгдөж чаддаг хүн болгох нь чухал. Бодол санаагаа бодит үйлс болгохын тулд “Гурван минутын чимээгүй цаг” гэсэн оюуны дасгалыг манай сургуулийн сурагчид сүүлийн хоёр жил хийж хэвшээд байна. Үүндээ сургуулийнхаа сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сэдэв бэлтгэн хэрэглэж байна. Хүнийг үгээр удирддаг. Өөрийгөө үгээр удирдаж сурвал бодол санаа нь үйлс болон өөрчлөгддөг. Сурагчдад нэг ижил жижигхэн эх өгөөд даалгавар гүйцэтгүүлэхэд өөрийн тусган хүлээж авах чадварын хэмжээгээр хүлээн авч, төрсөн мэдрэмжээрээ дамжуулан сэтгэгдлээ илэрхийлдэг. Хүүхэд үүгээрээ өөрийгөө өөрчлөх, улирдах арга барилд суралцдаг. Дэлгэрэнгүй ярьж, үзүүлж болно. Уг нь “Гурван минутын чимээгүй цаг” оюуны дасгалыг хүүхдүүдээр яаж хийлгэдэгтэй биечлэн танилцвал илүү мэдэж авах болно доо гэсэн юм.
Л.Олзвой багшийн шавь нарын төлөөлөл болгож 24 дүгээр сургуулийн 2006 оны 10-ын б ангийн төгсөгч Ц.Дөлгөөнтэй уулзаж, багш нь монгол хэл, уран зохиолын хичээлээр дамжуулж ямар бодит чадвар олгосон тухай асуухад ийн хариулсан юм. “Манай Л.Олзвой багш монгол хэл, уран зохиолын хичээлээр сурагчдад мэдлэг олгохоос гадна бодит чадвар эзэмшүүлэх практик арга их хэрэглэдэг байсан.Багшийн өгсөн даалгавар, бие даалтыг хийнэ гэдэг хүссэн хүсээгүй хүүхдүүд хичээлээс гадуур судалгаа хийж, нэмэлт материал үзэж, ургуулан бодох бүтээлч ажил болж хувирдаг байлаа. Энгийн өдрийн хичээлүүд дээр ч гэсэн хүүхэд бүр самбарт гарч хийсэн даалгавар, багийн ажлын үр дүнг танилцуулж илтгэдэг байв. Нэг нь маш сайн ярьж, бусад нь анхааралтай сонсох учиртай.Илтгэл бүрийн дараа сурагчдыг дүгнэж, найруулга сайтай зохион бичлэг шиг эхлэл, өрнөл, төгсгөл буюу дүгнэлт хэсгүүдийг хэрхэн холбож ярих, хэрхэн жишээгээр баяжуулж цэгцтэй ярихыг зааж, дадалжуулдаг байсан. “Аливаа эхийг найруулан бичихдээ санааг нуршилгүй, товч тодорхой, цэгцтэй бөгөөд уран илэрхийлэхийг эрхэм болгох нь чухал.Түүний тулд цэгцтэй сэтгэх хэрэгтэй.Ярих, илтгэхдээ ч үүнийг байнга санаж байх хэрэгтэй” гэж зөвлөдөг байв. Багш маань хүүхэд бүрт тодорой хэмжээнд зөв цэгцтэй сэтгэж, бичиж, ярих бодит чадвар олгосон байсан нь оюутан болох үед бидэнд илт мэдрэгдсэн. Лекц, семинар дээр аливаа сонссон болон ярих санаагаа схем, диаграммаар товчлон бичиж түүнийгээ эргээд дэлгэрүүлж ярих, олон оюутны өмнө гараад сандралгүй илтгэх гэх зэрэг олон давуу тал ажиглагдаж, тэр бүрт багшдаа талархаж байлаа.
Ажил, амьдралын аль алинд нь ус агаар шиг хэрэгтэй олон чадварын үрийг шавь бидэндээ суулгасан ачит багшдаа баярлалаа. Түүнийг сайтар тордож ургуулах нь бидний эрхэм үүрэг билээ.Хүндэт багшдаа ангийнхныхаа өмнөөс багш нарын баярын мэнд хүргэе” гэсэн юм.
Л.Олзвой багшийн онцлог бол өөрийнхөө эрж хайж олж сурснаа дандаа бусдад зааж, хамтарч хийх, буруу зөрүүгээ ярилцах. Түүний илрэл бол 24 дүгээр сургуулийн монгол хэлний заах аргын нэгдлийн ахлагчаар 1988-2009 онд 21 жил ажилласан явдал. Ийм олон жил ЗАН-ийн ахлагч хийснээ ажлаа өгсний дараа л мэдсэн гэж байгаа. Түүний ийм олон жил ахалж ажилласан заах аргын нэгдэл энэ 21 жилийн хугацаанд сургууль, дүүрэг, нийслэлийн тэргүүний заах аргын нэгдлээр удаа дараа шалгарчээ. Мөн 1999 онд монгол хэлний олимпиадын тэргүүний заах аргын нэгдэл, 24 дүгээр сургууль нь 2000, 2002, 2003 онд нийслэлийн монгол хэлний сургалтын түшиц сургууль, 2004 онд монгол хэлний олимпиадад хотод III байр, 2005 онд монгол хэлний олимпиадад хотод II байр эзэлсэн зэргээр жил бүр шахам амжилт гаргаж байв. Түүнчлэн жил бүр болдог багш нарын ур чадварын улсын уралдаанд тус ЗАН-ийн дөрвөн багш 1-6 дугаар байр, нийслэлийн багш нарын ур чадварын уралдаанд таван багш 1-2 дугаар байр, багш нарын улсын олимпиадад гурван багш оролцож, хоёр нь алт, мөнгөн медаль хүртсэн байна. Л.Олзвой багшийн хувьд 1996, 2008 онд нийслэлийн тэргүүний багш, 2003 онд улсын тэргүүний багшаар шалгарсан.
Ийм нэгэн багшилж, сургаж, хүмүүжүүлж, хүнээр хүн хийдэг ажилч хичээнгүй, түмний хүүхдийн сайн сайхны төлөө өөрийгөө умартан зүтгэдэг, шавь нартаа насан туршийнх нь багш болсон монгол хэлний “монцгор” мэргэжилтэнг “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш”-аар нэрлэж байна.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин