Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Дөрвөн жил үргэлжилсэн,  15 хүнийг холбогдуулан татан шалгагдсан “Анод”-ын хэргийн талаар бид цувралаар танилцуулж буй билээ. Банкны удирдлагуудыг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, албан тушаалаа урвуулан ашиглаж хуурамч хувьцаа гаргасан гэх үндэслэлээр буруутган шүүхээс ялласан ба бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр найм, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял оноож, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч тус бүрээс гурван жилийн ялыг нь хасаж, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг тав, үлдсэн хоёрыг нь гурван жил хорих ял биеэр эдлүүлэхээр болсон юм.   Анодын гэх тодотголтой энэ хэрэг нь олон олон асуултыг үлдээсэн бөгөөд банк дампууруулах гол буруутан хэн болох, төрөөс томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч банкийг дампууруулахгүй байж болох байсан эсэх, банкны барьцаа хаачсан, хохирлыг төр хариуцсан бол эргээд төр хохирлоо олж авсан эсэх гээд үргэлжилнэ. Асуулт бүрт дарааллан хариулахын тулд энэ хэргийн талаар, хэн юуг хэлж байсныг эргэн сануулья.

“Анод” банкны ТУЗ-ын гишүүн Д.Энхтөр:

Аливаа байгууллага өөрийн үнэ цэнэтэй байдаг. 17 жил үйл ажиллагаа явуулсан “Анод” брэнд нь  27 салбар, 500 гаруй ажилтантай Монголын топ банкны ангилалд багтан үйл ажиллагаа явуулж байсны хувьд “Анод”-ын  49 хувь 40- 50 сая ам.долларын үнэтэй гэж бид үзэж байсан. Хэрэв бид банкны үлдсэн  51 хувийг Солонгосын Шинхаан мэтийн стратегийн хөрөнгө оруулагчид зарж амжсан бол “Анод” банкны  хувьцааны үнэ нилээд өсөх ирээдүй байсан. Бидний хувьд ихээхэн хэмжээний мөнгөн дээр менежмент хийх ур чадвар, дадлага туршлага дутсан.  Алтны 68 хувийн нэмүү өртгийн татвар нь тус банкны алт олзворлогч болон энэ салбараас шууд  хамааралтай  харилцагчдыг дампууруулсан нь банкийг шууд хүнд байдалд оруулсан. Дэлхийн эдийн засгийн 2008 оны хямрал. Мэдээж банк маш хүнд байдалтай байхад энэ хямрал банкинд эцсийн цохилтыг өгөн банкыг унагасан.
 
“Анод” банкны ТУЗ-ын гишүүн Н.Даваа:

Манай банкинд маш чадварлаг баг ажиллаж байсан гэж. Овоотолгой, Оюутолгойн бүлэг орд ч гэдэг юм уу тэр бүгдийг аваад явчих, ойлгодог эдийн засагч байхгүй байсан. Тэр том орд дээр ажиллаж чадах баг манай төрд байгаагүй. Гэтэл нэг жижигхэн шалтаг хэлээд л банкийг татан буулгаад, асар том лицензүүдийг хурааж аваад худалдсан. Тэр банк татан буулгах шийдвэр магадгүй Улаанбаатарт биш, Сингапурт ч гарсан байж магадгүй. “Анод” банк, тэр дундаа “Монгол газар” компани ашигт малтмалын салбарт маш чухал байр суурь эзэлж байсан. “Монгол газар” компанийг муулаад байдаг, Гэтэл хамгийн гол найдвар байсан шүү дээ. Фрийдланд нэг өчүүхэн л юм байсан шүү дээ, бидний хажууд. Гэтэл яаж байна, эх орны маань хамаг юмыг хамж аваад л алга болж байна. Бидний мэдэлд байсан “Entree gold” гэдэг чинь асар том цогцолбор орд шүү дээ. Оюутолгой бол тэр доторх зүгээр л нэг цэг байхгүй юу. Оюутолгойд тийм их ач холбогдол өгөх хэрэг байхгүй шүү дээ. Оюутолгойн орд, гэрээ хэлэлцээр гээд бөөн л дуулиан тариад, улс орныг нэг л их дайвалзуулаад байна. Тэгтэл “Entree gold”-ын талбайтай харьцуулахад жижигхэн цэг шүү дээ. Гэтэл тэр том талбайн дотор нь байгаа жижигхэн цэг /Оюутолгой/ залгичихаж байгаа байхгүй юу. Яагаад залгиж байна гэхээр ерөөсөө л төр тусалж байгаа юм. Тэр том ордыг эзэмшиж байсан банкаа төр ад үзсэн.

Н.Даваагийн эхнэр Т.Оюунгэрэл:
 
-Монголбанк  бусад арилжааны бан­куудад жилд нэг удаа шалгалт  хий­дэг бол “Анод” банкийг  ойр ойрхон маш олон шалгадаг байсан шүү дээ. Нэг удаагийн хяналт шалгалтыг аргалаад өнгөрлөө гэж бодьё. Дараагийнх нь шалгалтыг яаж хаацайлах юм бэ. Үнэхээр боломжгүй асуудал шүү дээ. Монголбанкны ажилтнууд ч өөрийн гэсэн үүрэг хариуцлага хүлээсэн хү­мүүс. Үнэхээр Монголбанкнаас шал­галт хийх үеэр үйл ажиллагааны доголдол гарсан бол засч залруулах үүрэгтэй. Монгол банкны үүрэг бол арилжааны банкны алдаа доголдлыг хянах биз дээ.

“Анод” банкны хохирогчдын түр хорооны  гишүүн Л.Цэвээнравдан

“Анхнаасаа хувьцаагаа будилаантай гаргасан. Үүнээс болоод “Анод” банк 2002 оноос байнга алдагдалтай ажиллахад хүрсэн юм. Үүнийг хянадаг газар нь Монголбанк. Анхандаа Анодын хувьцааг гаргахыг тогтоол үйлдэн хүлээн зөвшөөрөөгүй. Банкны хөрөнгө оруулагчид 24 тэрбумаар шатаж, 1300 хувьцаа эзэмшигч хохирсон. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 100, 122 дугаар тогтоол гэгчийг гаргаж, банк дампуурахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, эхний гаргасан 100 дугаар тогтоолдоо “Банкны гишүүд хувьцааны төвлөрсөн мөнгийг зарцуулах эрхгүй” гэж заажээ. Удалгүй 122 дугаар тогтоол гаргаж өмнөх 100 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан “Анод банкны хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчид хүртэж болно” гэж тусгасан байна. Энэ байдлыг банк дампууруулсан этгээдүүд овжин ашигласан

Улсын яллагч О.Мөнхбаатар:

“Шүүгдэгчид хуулийн дагуу шийтгэл хүлээх нь тодорхой. Харин “Анод” банкнаас болж үүссэн хохирлыг төр барагдуулах ёстой”

Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж:

“Анод” банкны харилцагчид болоод хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгохын тулд төв банк Засгийн газрын нэрийн өмнөөс 116 тэрбум төгрөгийг төлсөн. Банк санхүүгийн салбарыг бүхэлд нь дампуурал руу хөтлөхгүйн тулд УИХ хадгаламж эзэмшигчид болон харилцах дансанд төр баталгаа гаргах хуулийг баталчихсан байсан тул, хуулийн хүрээнд ийм арга хэмжээ авахаас аргагүй байсан.

"Анод" банкны хувь­цаа эзэмшигчдийн түр хорооны тэргүүн Т.Жиг­­мэддагва:

Анх Монголбанкны  шинжээч­дийн дүгнэлтээр, дараагийн шин­жээ­чийн дүгнэлтээр" Анод" банк байгуулагдахаасаа эхлээд 720 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан байдаг. Валютын ченж байсан залуус банк байгуулахын тулд хүмүүсээс тэрбум төгрөг аваад банкаа байгуулж байв. Тухайн үед банкны зөвшөөрөл олгохгүй удсан байдаг. Ингэж хугацаа алдсанаа­саа болж 720 сая төгрөг алдсан. Энэ бүгдээ тэд хамгийн сүүлд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэ­хээр тайлангаа дандаа буруу гаргаж өгч байсан байгаа юм. Нэг ёсны хүнээс зээл аваад л активаа сайжруулаад л яваад байсан бай­гаа юм. 2008 онд хадгаламж ха­рил­­­цагчдын мөнгийг төр хариуцна гэсэн хууль гаргасан. Үүнийхээ дагуу л анхан шатны шүүх шийд­вэрээ гаргасан. "Анод" банк угаа­саа дампуурах нь тодорхой бай­сан. Тэр дампуурахыг төр хариуцах байсан учраас улс 121 тэрбум төгрөгийг Засгийн газар, Монгол­банкаас зээл аваад "Анод"-д өгсөн. Одоо хувьцаа эзэмшигч луйвар­дуул­сан гээд байна. Хамгийн их хохирч үлдэж байгаа нь олон нийт. Энэ бол татвар төлөгчдийн халаас­наас гарч байгаа гэсэн үг.

“Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр:

Манай банк анх үүсгэсэн байгуулагдсан цагаасаа л стратеги буруу байсан гэж би боддог. Ямар стратеги байсан бэ гэхээр ерөөсөө л хурдан томрох байсан. Хурдан томорно гэдэг нь балансын хэмжээгээ хурдан өсгөх. Энэ нь хэн нэгнээс хөрөнгө мөнгө татна. хадгаламж Түүнийгээ эргүүлээд зээлэнд байршуулах ёстой. Банкууд олон байгаа учраас реклам явуулах төдийд хадгаламж татагдахгүй. Тийм учраас бусад банкнаас өндөр хүү амлах ёстой. Өндөр хүүтэй татсан мөнгөө өндөр хүүтэй зээл болгох ёстой. Өндөр хүүтэй зээлийг найдвартай том компаниуд авдаггүй. Тэдэнд олон банкнаас сонгох эрх нь байдаг учраас тэр шүү дээ. Тийм учраас том хүүтэй зээлийг хэн авдаг вэ гэхээр эрсдэлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс юм уу жижиг компаниуд авдаг. Жижиг компаниуд өөрсдөө эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Гол үүнээс л болсон байх л даа. Эргээд зээлүүд төлөгдөхгүй байгаа учраас манай банкны удирлагууд өөрсдөө бизнесийн үйл ажиллагаа явуулахаар шийдэж “Сити” такси гэх мэт компаниудыг байгуулж түүндээ хөрөнгө оруулсан ч тэр нь төдийлөн амжилт олоогүй. Түүнээс хадгаламж эзэмшигчдийн мөнгийг идэж уусан юм байхгүй.. Анхнаасаа л бизнесийн эрсдэлд орсон. Бизнесийн эрсдэл маш их алдагдал дагуулна. Тэр алдагдлаа нөхөхийн тулд улам эрсдэлтэй алхам хийснээр бүрэн уналтад орсон гэж бодож байна.

Үргэлжлэл бий…

 Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж