Замбид автын осол гарч, 53 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Замбид автын осол гарч, 53 хүн амиа алджээ

Замбийн нийслэл Лусакагаас хойд зүгт 100 орчим км-ын зайтай газар өчигдөр хоёр урсгалтай зам дээр автын осол гарсны улмаас 53 хүн амь үрэгдэж, 22 хүн гэмтэж бэртсэн байна. Одоогоор Замбийн албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Түүнчлэн аврагчид ослын улмаас эвдэрч, хэмхэрсэн автобуснаас хүмүүсийг бүрэн гаргаж дуусаагүй байгаа тул амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх магадлалтай байгаа аж. Гэрчүүдийн яриагаар дүүрэн хүнтэй автобус хурдтай дөхөж ирсэн ачааны машин руу хазайн унаснаас осол гарсан байна. Тус автобус нь зорчигч тээвэрлэхийн сацуу Замбийн шуудангийн үйлчилгээнд ажилладаг байжээ.

Замбийн мэдээллийн технологийн сайд Кеннеди Сакени мэдэгдэхдээ ослын шалтгааныг урьдчилсан байдлаар автобусны жолоочийн буруугаас болж гарсан хэмээн дүгнэсэн бөгөөд энэхүү аймшигт осолд өөр нэг спорт загварын автомашин орсон тухай Associated Press мэдээлсэн байна. Замбийн Ерөнхийлөгч Майкл Сата ойрын хэдэн жилд гарч байгаагүй энэхүү аймшигт ослын  хохирогчид болоод тэдний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлжээ.

Үүнээс өмнө 2005 онд Замбийн хойд хэсэгт аялж явсан сургуулийн автобус осолдсоноос 44 хүүхэд амь үрэгдэж байсан байна. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж