-Хувь нийлүүлэгчдийн хуралдаанаас хэлэлцэх асуудлыг хүргүүлсэн байна. Мөн гэрээ зөрчсөн зүйлүүд байгаа гэсэн?
-Гэрээнд тусгасан зүйлийг зөрчсөн зарим нэг зүйл бий. Тухайлбал, гэрээнд тусгаснаар Оюутолгойн ажилчдын 90 хувь нь Монголын ажилчид байна гэж заасан байдаг. Гэтэл нийт ажилчдын 80 хүрэхгүй хувь нь Монгол ажилчид, гадаадын ажилчдын тоо 200-300 гаруйгаар илүү байна гэж дүгнэсэн байсан. Мөн гадаад, Монголын ажилчдын цалингийн хэмжээ ялгаатай байдаг гэх мэтийн асуудал байсан. Өнгөрсөн оны сүүлчээр Нийгмийн халамжийн хэлтсийн байцаагч нар болон холбогдох албаныхнаас бүрдсэн ажлын хэсэг Оюутолгойн ажилчдын цалин, нийгмийн асуудлаар шалгалт хийсэн. Энэхүү шалгалтаар энэ гэрээний зарим заалт биелэгдээгүй байна гэж зүгнэсэн. Тодруулбал, тус компанийн ажилчид ижил төвшний ажил хийж, хөдөлмөр эрхэлж байхад өөр, өөр цалин өгч байна. Өөрөөр хэлбэл, Монгол ажилчид бага цалин авдаг, гадаадын ажилчид нь өндөр цалин авсан. Энэ асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар гэрээнд заасны дагуу биелүүлж, ижил хэмжээний цалин олгох саналыг тавьсан. Ер нь бол Оюутолгой төсөлд ажиллаж байгаа гадаад ажилчдын тоо цөөхөн ч гэсэн цалингийн сан нь өндөр байна. Албан тушаал, ажлын туршлагаас хамаарч цалин нь өөр, өөр байгаа ч судалгааны дүнгээр гадаад мэргэжилтнүүд 10-13 дахин илүү цалин авч байгаа юм. Цалин урамшууллын бодлого гэрээний дагуу, Монгол Улсын хууль дүрмийн дагуу явуулах зэргийг Монголын талаас илүү их шаардах нь зүйтэй юм.
-Зөвхөн энэ асуудлаас харахад “Оюутолгой” компани гэрээгээ зөрчсөн байна гэж ойлгож болох уу?
-Гэрээнд зөрчил байна гэдгийг зөвхөн бид хэлээд байгаа юм биш. Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн хамгааллын улсын байцаагч нараас бүрдсэн баг томилоод, шалгалт хийгээд гаргасан дүгнэлт бий. Гэрээнд зөрчил байна, засч залруулах шаардлагатай. Тэр дундаа гадаад, дотоодын ажилчдын цалингийн тэгш хэмжээг тогтоохыг шаардаж байгаа юм.
-Монгол Улсын Засгийн газраас тавьж байгаа саналыг хүлээж авах нь хэр байна вэ, анхны хуралдаанаас харж байхад?
-Мэдээж асуудлууд боломжтой байдлаар ойлголцох нь зүйтэй. Гэхдээ энэ асуудал зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар ярьж байгаа асуудал биш. Өнгөрсөн аравдугаар сараас хойш хоёр талдаа ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Бидний хувьд энэ хугацаанд асуудлыг ойлгомжтой байдлаар, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрэмд нийцэж байгаа эсэх, гэрээний заалтын дагуу үндэслэлтэй, ойлгомжтой байдлаар асуудлаа тавьсан. Хувь нийлүүлэгчдийн тал хувь нийлүүлэгчдийн хурал хүртэл тодорхой бус байсан. Саяны хурлаар байр сууриа илэрхийлсэн. Ер нь бол бидний хооронд баримтлах бидний байгуулсан гэрээ гэж бий. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монголын хууль дүрмийг биелүүлэхийг шаардсан, ойлгуулсан хурал болсон. Хуралаар анхан шат буюу ойлголцох эхний алхам хийгдсэн гэж ойлгож байгаа. Гэрээнд тусгагдаагүй бусад үйл ажиллагааг Монгол Улсын хуулийн дагуу явуулна гэдгийг бид хэлж байгаа.
-Хувь нийлүүлэгчдийн хурал үргэлжилнэ. Ер нь гэрээнд өөрчлөлт оруулах боломж харагдаж байна уу?
-Хуралдааны үеэр сайд нар ч хэлсэн, гэрээний зарим зүйл заалт зөрчигдөж байна, Монгол Улсын холбогдох хууль дүрэм зөрчигдөж байгааг. Тиймээс холбогдох заалтуудыг тодруулах, тохируулга хийх шаардлага байна гэдгийг хувь нийлүүлэгчдийн талд тавьсан. Ер нь бол тодорхой хэмжээгээр ойлголцоод явна. Дараагийн хурал хүртэл хоёр талын ажлын хэсгүүд ажлаа үргэлжлүүлээд явна. Гэрээнд өөрчлөлт орох эсэхийг дараагийн хурлаар шийдэх байх. Гэрээнд тодорхой заалтуудад өөрчлөлт оруулна гэдгийг Монголын талын ажлын хэсэг маш тодорхой баримттайгаар асуудал дэвшүүлж тавьсан.