Эзэнгүй хашаанууд яав

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Эзэнгүй хашаанууд яав

Нийслэлийн байрлал сайтай, аль өнгөтэй өөдтэй газрыг хууль бусаар эзэмшин, хашаа хатгаад орхичихдог тохиолдол олон. Ийнхүү зориулалтаар нь ашиглахгүй, хоосон 40 газрыг төр мэдэлдээ буцаан авах шийдвэрийг өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 17-нд гаргасан. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн талбайгаас хумсалсан, инженерийн шугам сүлжээ,  ундны усны эх үүсвэрийн дотоод мужид хамаарах газруудыг эзэмшсэн мөн хоёроос дээш жилийн хугацаанд эзэмшил газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр ихэнх нь арав орчим жил ашиглаагүй байгууллагуудын газар эзэмших эрхийг цуцлахаар болсноо хотын захиргаа болон Газрын албаны удирдлагууд мэдэгдэж байсан.  Даруй хоёр сар болох гэж байгаа энэхүү шийдвэрийн биелэлт ямар шатандаа явааг сонирхлоо. Дашрамд news.mn анх эдгээр хоосон хашаа, ашиглагдаагүй газрын талаар цувралаар сурвалжлан хүргэж, зохих албан байгууллагууд нь арга хэмжээ авсан билээ. Та бүхэн манай “Эзэнгүй хашааны эзэн олдлоо” цуврал сурвалжлагийг санаж буй биз ээ.    

Нийслэлийн Газрын алба өнгөрсөн сард Нийслэлийн өмчийн харилцааны газартай нэгдэн, бүтэц зохион байгуулалтын хувьд нэлээд өөрчлөгдөж байгаа тул “Эзэнгүй хашаа”-нуудыг шийдвэрлэх завтай нэгэн энэ байгууллагад тун ховор байгаа бололтой. Энэ талаар албаныхнаас тодруулахад “Газар чөлөөлөх ажил цаг дулаарч, газар гэсэхээр буюу ирэх тавдугаар сарын 15-наас эхэлдэг. Дулаараад ирэхээр газар эзэмших эрх нь цуцлагдсан газруудыг албадан чөлөөлөх болно. Цаашид ч эзэмшиж аван газраа ашиглахгүй он удаан жил хадгалсан, зөвшөөрөлгүй байршилд газар эзэмших эрх авсан газруудын эрхийг цуцлах зорилго тавьж ажиллаж байна” гэв.

Гэхдээ ашиглагдаагүй байгаа газраа төр мэдэлдээ буцаан авахад нэлээд хүндрэл учрах бололтой байна. Үүнээс гадна ундны усны эх үүсвэрт ойр барьсан гэх мэт маргаантай обьектууд ч бий. Тухайлбал, ундны усны цэвэр усны эх үүсвэр дээр баригдсан гэх Дүнжингарав худалдааны төвийнхөн захиргааны хэргийн шүүхэд зарга үүсгээд байгаа юм байна.

Зарим аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг нь цуцлан, барилгын зарим блокийг нураах шийдвэрийг өнгөрсөн арванхоёрдугаар сард нийслэлээс гарсны дараахан тус худалдааны төвийн томоохон хувь эзэмшигч, УИХ-н гишүүн Х.Наранхүүгийн урилгаар УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй эрхэм гишүүд хүрэлцэн ирж, нээлтээ хийж, 100 сэтгүүлчийг Хайнань аралд амрах эрхээр шагнаж, арван жилийн турш 1000 сэтгүүлчийн шинэ жилийг тэмдэглэж өгнө гэж амлаж, чамгүй шуугиан дэгдээсэн “Дүнжингарав”-ийн удирдлагууд “Бид ямар ч хууль, дүрэм зөрчөөгүй” гэж мэдэгдэж байгаа юм. Мөн тэд Нийслэлийн газрын албатай “Ундны цэвэр усны эх үүсвэрээс хол газарт барилгаа барьсан” гэх үндэслэлээр заргалдах гэж байгаа сурагтай. Эх сурвалжийн мэдээлснээр цэвэр усны эх үүсвэрт барилга байгууламж барьсан гэх үндэслэлээр газар эзэмших эрхээ цуцлуулаад байсан “Дүнжингарав” худалдааны төв Нийслэлийн өмчийн харилцааны газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгөхөөр бичиг, баримтаа бүрдүүлж, бэлэн болоод байгаа гэнэ. Шүүхэд өгөх болсон тухайгаа Нийслэлийн өмчийн харилцааны газарт дуулгасан аж.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар, газар эзэмшигчдийн хоорондох “дайн” дээрхи худалдааны төвөөр ч зогсохгүй Төв шуудангийн чанх баруунтаа хоосон газрыг С.Нямдаваа гэгчийн нэр дээр 1998 онд зочид буудлын зориулалтаар барилга барина гэж дуудлага худалдаагаар эзэмшилдээ авсан “Макс импекс” ХХК  нийслэлээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн өмчийн харилцааны газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Нийслэлийн газрын албанаас “Арван таван жилийн турш барилга барих нь байтугай газрыг нь ч хөндөлгүй хав дарсан” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан. Гэтэл “Макс импекс” ХХК-ийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн гомдолд “Энэ газрыг хоёр жил ашиглаагүй гэдэг нь ор үндэслэлгүй. 1998 оноос хойшхи өнөөдрийг хүртэлх хугацаанд бид барилга барих бэлтгэл болгон инженер, шугам сүлжээний ажлуудыг гүйцэтгэж байсан” гэжээ.  Эзэнгүй хашааны эрх мэдэлтэй эзэд эзэмшил газраа тийм амархан өгөхгүй бололтой.

Хэн, хэзээ, хэрхэн эзэмшилдээ авсыг тодруулахад тун бэрх, хувь хүн аль нэгэн албан байгууллагын эзэмшлийнх гэхэд итгэмээргүй газруудын зөвшөөрлийг нь цуцлах шийдвэрт цөөнгүй байсан. Тухайлбал, Д.Нацагдоржийн номын сангийн хажууханд, “Саппоро” үлчилгээний төвийн урд талбай, Төв шуудангийн замын урдах явган хүний зам дагуу хэсэг газар, Сонгинохайрхан дүүргийн XVII хороо 32 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай,  МҮЭСТО-ны өмнөх талбай, “Хангай” зочид буудлын урдах явган хүний зам, Нэгдүгээр төрөхийн өмнөх, Төв шуудангийн чанх баруунтаад, Хүүхэд залуучуудын соёлын төв ордны өмнөх “эзэнгүй” хашаа зэргийг дурьдаж болох юм. Энэ бүхнийг ирэх хавраас цэгцэлж эхлэх бололтой.

Нийслэлийн аль хэсэгт, хаана байрлах газруудын зөвшөөрлийг цуцалсныг дараахь зургаас харна уу/











Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж