Грект хүнсний ногоо үнэгүй тараажээ

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Грект хүнсний ногоо үнэгүй тараажээ

Грекийн Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн оногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр болсныг эсэргүүцсэн тариаланчид өнгөрсөн 10 хоногийн турш жагсаал зохион байгуулжээ. Тариаланчид энэхүү тэмцэлдээ илүү олон хүнийг нэгтгэхийн тулд өчигдөр нийслэл Афин хотноо хүнсний ногоо, жимс үнэгүй тараасан байна. Тэд энэ хачирхалтай эсэргүүцлийн арга хэмжээг Грекийн Хөдөө аж ахуйн яамны гадаа зохион байгуулж, нийт 50 тонн хүнсний ногоо, жимсийг оршин суугчдад үнэгүй тараажээ. Харин энэ үеэр үнэгүй хүнсний ногоо, жимс авахыг хүссэн олон зуун хүн яамны гадаа цугласнаас зарим нь хоорондоо зодолдсон тухай Daily mail мэдээлсэн байна.

Грекийн эдийн засаг зургаа дахь жилдээ уналттай гарсан бөгөөд улсын их хэмжээний өрийг дарахын тулд иргэдийн нуруун дээр маш их ачаа ирээд буй юм. Түүнчлэн тус улс Европын холбоо болон олон улсын мөнгөний сангийн шахалтаар хэд хэдэн удаа төсвийн танадалт хийж, татаварыг нэмэгдүүлэн, цалин тэтгэвэрийг удаа дараа багасгах арга хэмжээ аваад буй билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж