Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын анхны бодлого батлагдлаа. Өнөөдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, баталсан байна. Ингэснээр Монгол Улс иргэний нисэхийн салбарт 2020 хүртэл баримтлах бодлоготой болж байгаа хэрэг юм. ЗГ-ын 2012-2016 оны хооронд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт далайд гарцгүй орны хувьд агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин хөгжүүлэх тухай тусгасан. Энэ хүрээнд мөн бодлогын дагуу Хөшигтийн хөндийд шинээр барих олон улсын нисэх онгоцны буудлыг ОУ-ын зорчигч болон ачаа тээврийн өрсөлдөх чадвар бүхий төв болгох, агаарын тээврийн салбарыг өмчийн олон хэлбэртэй, чөлөөт өрсөлдөөнтэй болгох бодлогыг 2016 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэх ажлууд хийгдэнэ. Төр иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхийн тулд улсын хэмжээний хамгийн том үндэсний авиа компани болох “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн эрх олгож, компанийн 51-иэс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгахаар тогтлоо. Зам тээврийн сайд А.Гансүхийн тайлбарласанаар Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг нь 2013-2016 он, 2016-2020 он хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байна. Улмаар 2016 он хүртэл иргэний нисэхийн салбарыг төрөөс зохицуулах юм. Энэ нь манай агаарын тээвэр бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий томоохон тээвэрлэгч болоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.
А.АМАР