
Хойд Солонгосын нэгэн залуу АНУ-ын Нью-Йорк хоттой төстэй хотыг пуужингаар бөмбөгдөж буйг дүрсэлсэн видео бичлэгийг БНАСАУ өнгөрсөн бямба гаригт цацжээ. Тэрхүү видео бичлэг “YouTube” сайтаар дамжин олон хүнд хүрч, түүнийхээ хэрээр олон улсын анхаарлыг татаж, айдас түгшүүр төрүүлээд байсан юм. Харин өчигдрөөс тус видеог “YouTube” сайтад хориглосон байна. Гэхдээ улс төрийн шалтгаанаар бус, зохиогчийн эрх зөрчсөн гэх үндэслэлээр хаагджээ. Тодруулбал, BBC-д мэдээлснээр Хойд Солонгосчуудын бүтээсэн уг видеонд гарч буй байшин, барилга шатаж буй зураглал нь “Activision” компанийн бүтээл “Call of Duty: Modern Warfare-3” тоглоомоос хууль бусаар хуулбарласан байсан гэнэ.
“YouTube”-ээс хаасан тус видео бичлэгт “АНУ-ын хаа сайгүй хар үүлс суунаглаж байна. Энэ нь өшөө хонзон, нүгэл хилэнцийн үүр уурхай галд шатаж байгаа мэт санагдана” гэсэн тайлбар гардаг байна. Хойд Солонгосын зүгээс энэхүү видео бичлэгийг “YouTube”-д байршуулснаар АНУ-д заналхийлээд зогсохгүй, олон улсын зүгээс тус улсыг цөмийн баллистик пуужин турших гэж буй хэмээх хардлагыг улам нэмэгдүүлсэн гэж шинжээчид дүгнэжээ.
Б.АНХТУЯА