Гэхдээ хууль хамаагүй, үндсэндээ цагаан сарын дараач, шинийн 3-наас эхлээд зарим нэг намууд сонгуулийнхаа бэлтгэл ажилд мордох нь лавтай боллоо. Юун нөгөө хаврын хавсарга, ханиад хамуу, мал төллөлт… МАН-д сонгууль чухал болохоос монголчууд юу юм бэ ээ, яршиг цаашаа.
Нэрээ далимд нь сонгуулийн буянаар нэр дэвшигчдийн бие төлөөлөгчид бүл муутай айлын малыг төллүүлээд, хорооны үнс, хог малтаад өгөх ч юм болов уу. Өмнө нь нөхдүүд иймэрхүү юмыг гаргаадаггүй байсан даа. Харин энэ удаа нэр дэвшигч нь даанч ганц, ганцхан байдаг. Барахгүй л байх аа даа.
Ганцхан гэж чамласнаас ганц ч үгүй нам бас байгаа бололтой. Тэр нь тэгээд МАН байж магадгүй болж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ ард түмнээсээ асууж тодруулна аа гэдэг чинь өөртөө юмгүй хүн л өрөөлөөс сураглаж байгаа хэрэг биз дээ. Тэгээд одоо дугаар хорооны иргэн Дорж, Дондог, Дулмаа Янжмаа нарын нэг нь МАН-ын өмнөөс Ерөнхийлөгчид нэр дэвшиж барьж, яс үсээ цайлгахын байна л даа. Аягүй бол өндөг, тахиа өөр юу ч шидүүлэх юм билээ. Арай ч тэгж буяндаа бузар оруулдаггүй байх аа, яршиг цаашаа.
Үгүй тэгсэн нөгөөдүүл чинь бас өөр арга сэдээд, өнгөрөгч сонгуулиар онхолдсон өнөө хэдийнхээ тоос шороог нь гөвж, нүүрийг нь угааж, нөгөө хувцсыг нь өмсүүлчихээд “Ард түмэн ч манай хэдийг л гэж байна даа” гэсэн юм яриад “нохойтож” явахдаа ч магадгүй. Сонгуулийг автоматаар явуулдаг болсноос биш ямар санал асуулгыг машинаар тоолох хууль гарсан биш. Тэгээд “Ард түмнээсээ асууж явна аа” гээд бүтэн гурван сар мэдээллээр нүдсэн байхад гараад ирэхгүй хайчих юм. Худал үгийг мянга хэлбэл үнэ болдог гэдэг биз дээ…