Хамтарсан шийдвэрт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Хамтарсан шийдвэрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар,  Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Цогтсайхан нар Албан хаагчдыг сэлгэн ажиллуулах журам батлах тухай хамтарсан шийдвэрт өнөөдөр үдээс хойш  гарын үсэг зурлаа. Журмын зорилт нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Гадаад харилцааны яамны албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байран дээр суралцах, мэргэжил, мэргэшлээрээ хөрвөх чадвартай болгох тогтолцоог бий болгон хэвшүүлэх, үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор албан хаагчдыг Тамгын газар, Яам хооронд сэлгэн ажиллуулах юм байна.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, “Энэ бол гадаадын бусад улс оронд байдаг сайн туршлага. Ажилтнуудыг хооронд нь сэлгүүлж ажиллуулдаг  энэхүү туршлагыг монголд авч хэрэгжүүлж байгаа. Төрийн гадаад бодлого нэгдсэн нэгдмэл байдаг. Энэ үүднээс гадаад харилцааны салбарын төрийн захиргааны төв байгууллага, УИХ-ын гадаад харилцааны ажилтнууд бие биенээсээ суралцаж үйл ажиллагаагаа нэг зорилгод чиглүүлэхэд энэхүү шийдвэр ихээхэн ач холбогдолтой гэж УИХ-ын Тамгын газар Тамгын газар  үзэж байгаа. УИХ-ын дарга, удирдлагууд энэ асуудалд өндөр ач холбогдол өгч байгаагийн зэрэгцээ Гадаад харилцааны сайдын түвшинд ч дэмжиж хүлээж авсан.  Цаашид энэ чиглэлд  үйл ажиллагаагаа улам илүү нягтруулж бие биедээ харилцан тусалж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Гадаад харилцааны хамт олонд ажлын амжилт хүсье” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж