“Улс үндэстэн хөгжье гэвэл түүх соёлоо дээдлэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

“Улс үндэстэн хөгжье гэвэл түүх соёлоо дээдлэх ёстой”

Сүхбаатар
аймгийн ард иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон М.Зоригт гишүүн
нутагтаа Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг залах гэж буй гэнэ гэсэн
мэдээллийн дагуу түүнтэй уулзахаар өрөөг нь зорилоо. Төр шашны нэрт
зүтгэлтэн, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан, Халхын тамгатай
хутагт хэмээн алдаршсан Ж.Галсандаш нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан
сумын уугуул учраас эрхэм гишүүн түүнийг нутагт нь залж буй нь энэ.
Биднийг очиход түүний өрөөнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын
нутгийн зөвлөлийнхөн цуглачихсан мөн л энэ хөшөөний талаар ярилцаж
байсан. Ингээд М.Зоригт гишүүний яриаг уншигч танд хүргэе.

-Сүхбаатар аймгийн төвд тун удахгүй “мэндлэх” гэж байгаа хутагтын талаар эхлээд сонирхуулаач?

-Егүзэр
хутагт Галсандашийг мэдэхгүй хүн гэж байхгүй л дээ. Монгол төрийн тамга
барьсан цөөхөн хутагт байсан, тэдгээрийн нэг нь. Зүүн хязгаарыг
тохинуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн хүн. Бас шашны том зүтгэлтэн
бөгөөд маш олон шавь төрүүлсэн хүн л дээ. Байгаль орчныг хамгаалах
үйлсэд маш олон зүйлийг хийсэн. Манай тал нутагт Егүзэр хутагтын
нутагшуулсан буга одоог хүртэл байдаг. Энэ бол түүний гавьяа. Бас
хүүхдэд их сайн хүн байсан юм билээ. Түүний Зүүн хязгаарыг тохинуулахад
хийсэн гавьяаг нь монголчууд одоо хүртэл дурсан ярьдаг. Энэ мэтчилэн
Хутагтын өөрийн гавьяаг яриад байвал дуусахгүй л дээ. Ийм их алдар
гавьяатай хутагтын хөшөөг Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч
Х.Цэвэгмид агсан 10-аад жилийн тэртээ урласан юм билээ. Улаанбаатарчууд
бол энэ хөшөөг андахгүй. Урчуудын эвлэлийн хорооны хаалган дээр байсан
хөшөө шүү дээ. Энэ хөшөөг олон сайхан дархчууд болон уран барималчдаар
сэргээн засварлуулж улмаар нутагт нь аваачиж залъя хэмээн гэр
бүлийнхэнтэй нь ярьсан. Тэд ч маш дуртай зөвшөөрсөн учраас Сүхбаатар
аймгийн төвийн чанх урд талд урагшаа харсан байдалтайгаар залсан байгаа.
Өөрөөр хэлбэл нутаг руу нь буюу Эрдэнэцагаан сум руу нь харуулж залсан.
Үүний төлөө маш их сэтгэл зүтгэл гаргасан хүн бол түүний шавь бурханч
лам Г.Пүрэвбат. Шашны талаас нь маш их зөвлөгөө өгсөн л дөө. Энэ хөшөөг
уран баримал гэхээсээ илүүтэйгээр шүншиглэсэн бурхан гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл бурханч лам Пүрэвбат түүний биед бурхны ном судраас эхлээд
шүншиглэсэн бурханд юу хийх ёстой тэр бүгдийг хийсэн. Энэ сайхан
хөшөөнийхөө нээлтийг шинийн долоонд буюу энэ сарын 17-нд нийт
Сүхбаатарчууд, нийт Эрдэнэцагаанчуудынхаа оролцоотойгоор хийх гэж байна.
Хөшөөний нээлтийн үеэр хурдан морины уралдаан болно. Ер нь
Сүхбаатарчууд ямарваа нэгэн баяр ёслолын үеэр хурдан морьдоо уралдуулж
олноороо баясаж нааддаг. Энэ уламжлалынхаа дагуу хөшөөнийхөө нээлтийн
үеэр азарга, их нас, соёолон насны морьдын уралдаан зохион байгуулна.
Мөн Егүзэр хутагтаар судалгаа хийсэн эрдэмтдийн судалгаан дээр түшиглэн
хутагтынхаа тухай баримтат кино хийсэн. Хөшөөний нээлтийн үеэр энэхүү
баримтат киногоо нутгийн ард олондоо анх удаа толилуулна. Түүнчлэн
Монголын радио болон “Боловсрол” телевизээр хутагтын тухай олон сайхан
нэвтрүүлгүүд гарна.

-Хутагтын хөшөөг төрсөн нутаг Эрдэнэцагаанд нь биш аймгийн төвд байрлуулсан нь цаанаа учиртай байх, тийм үү?

-Эрдэнэцагаанынхан
хутагтаа их дээдэлдэг л дээ. Тиймдээ ч Эрдэнэцагаанд хутагтын олон
сайхан хөшөө байдаг. Гэвч хутагтыг зөвхөн Эрдэнэцагааныхан өмчилж
болохгүй. Яагаад гэвэл тэр төр засгийн маш том зүтгэлтэн хүн. Тийм
учраас аймагтаа байх нь зүйтэй гэж бодсон. Тэгээд ч сүүлийн үед аймаг
маань маш хурдацтайгаар хөгжиж, хот шинжиндээ орж байгаа. Ер нь хөгжил
дэвшлээрээ улсдаа манлайлж байгаа аймаг шүү дээ. Тэгээд ч соёл урлагийн
томоохон төв болж байгаа Баруун -Уртад хутагтын маань хөшөө сүндэрлэх нь
зүйд маш сайн нийцнэ гэж бид бодсон. Тийм учраас аймгийнхаа төвд
залсан.

-Урчуудын эвлэлийн хорооны хаалганы дээд талд олон
жил болсон энэ хөшөөг нэг хүн ном хурж байгаа лам шиг гэж ярьж байсныг
санаж байна?

 -Тийм ээ. Чой хуруулна гэж ярьдаг даа. Ном
хураад сууж байгаа гэгээнтний дүр бүхий хөшөө. Суугаа ламын дүр гэхэд
харьцангуй их том хөшөө л дөө. Өндөр нь 2.20 см. Ийм том хөшөөний суурь
нь бас том байх ёстой юм билээ. Тиймээс суурийг нь нэлээд том бас өргөн
хийсэн. Бас гүн ногоон өнгийн гантигаар бүрж хүндэтгэл үзүүлсэн. Нутгийн
зон олон маань хутагтаа их сайхан хүндэтгэлтэйгээр залжээ гэж дүгнэж
байгаа.

-Энэхүү бүтээл Урчуудын эвлэлийн хаалган дээр байхдаа
уран баримал буюу урлагийн бүтээл байсан. Харин одоо равнайлсан бурхан
шүтээн болох нь гэж ойлгож болох нь ээ?

-Цэвэгмид гуайн энэ
бүтээл маш сайхан бүтээл дээ. Ер нь Цэвэгмид гуайн олон сайхан бүтээл
Улаанбаатар хотын гудамж талбайг чимж уран баримал сонирхдог олон мянган
хүний мэлмийг баясгаж байдаг. Таны хэлсэнчлэн энэ хөшөө урьд нь уран
баримал байсан. Одоо бол нутагтаа очиж бас олон шавь нарынхаа хүчинд
шүншиглэгдэж амилж эхэлж байна. Түүгээрээ онцлогтой.

-Би
таныг урлагт нэлээд элэгтэй хүн юмуу гэж анзаардаг. Яагаад гэхээр
Сүхбаатар аймаг Мөнхчулуун сангийн дэмжлэгтэйгээр “Жаахан шарга”
театртай болсон. Бас “Сүхбаатар” нэртэй кино театр нээлтээ хийгээд
удаагүй байгаа?

-Миний аав, Егүзэр хутагт хоёр нэг нутаг л
даа. Манай аав дуулдаг, хуурддаг баянхуур тоглодог их авьяастай хүн
байсан. Тийм болохоор биднийг бага байхад хөгжмийн зэмсэгтэй ойр
байлгахыг боддог байсан. Наад зах нь өөрийнхөө тоглодог баянхуур
хөгжмийг тоглож сур гэдэг байлаа. Гэхдээ би баянхуур хөгжмийг нь тоглож
сураагүй ч уран зураг гэрэл зураг их сонирхдог байсан. Авсан зургаа
угааж байгаа нь гээд ванны өрөөнд өнжиж ээждээ аашлуулдаг байлаа. Аав
биднийг багаас минь урлагтай ойртуулсан. Ер нь улс үндэстэн, ард олон
соёл урлагаар л тэтгэгдэж явдаг шүү дээ. Соёл урлаг биднийг зөв зам руу
чиглүүлж өгдөг. Улс үндэстэн мөхөхгүй цааш хөгжье гэвэл түүх соёлоо
дээдэлж явах ёстой. Тийм ч учраас манай нутгийнхан хамтраад “Наран
мандах нутаг” гэж телевизийн олон ангит кино хийсэн. Магадгүй та түүнийг
санаж байгаа байх. Одоо бас хүчээ хавсраад олон ангит түүхэн кино хийх
гээд бэлтгэл ажилдаа гарчихаад байгаа. Аавынхаа дурсгалд зориулж хөшөө
баримал босгоё гэсэн санаа надад байсан л даа. Гэвч таны хэлсэнчлэн
аавынхаа урлагт дуртайг нь бодолцоод кино театр байгуулсан. Олон хүн
бужигнасан маш сайхан соёлын төв босгосон. Олны шүтээн болсон хутагтын
маань хөшөө бас босч байна Энэ бүгдийг хараад сэтгэл их өег байгаа.

-Таныг урлагийн мэдрэмжтэй гэдгийн бас нэг нотолгоо нь Сүхбаатар аймгийг чимж буй олон сайхан баримал гэж боддог …

-Сүхбаатар
аймаг эртний хүн хөшөө ихтэй. Ер нь манай аймаг хөшөө баримал ихтэй л
дээ. Онгон суманд гэхэд одоо цагийн хүмүүсийн босгосон 20-иод хөшөө бий.
Морин хууранд зориулж босгосон 10 давхар байшинтай тэнцэхээр өндөр
хөшөө бүр хөдөө талд байдаг. Мөнххаанаас аймаг руу явдаг замын дэнж дээр
гэхэд бас 20-иод хөшөө баримал бий. Ер нь Сүхбаатарчууд тухайн цаг
үеийнхээ нэртэй цуутай хүмүүсийг хөшөөжүүлж барималжуулан түүх болгон
үлдээхдээ гаргуун улс гэж би боддог. Таны хувьд аймагт шинээр босгосон
хөшөө баримлыг хэлээд байх шиг байна. Сүүлийн гурав дөрвөн жилд манай
аймагт 200 гаруй үйлдвэр шинээр ашиглалтанд орсон. Энэ үйлдвэрүүд
ашиглалтанд орсноор Сүхбаатарчууд бид нутагтаа барилгын болон зам
харгуйн бүхий л зүйлийг хийдэг болсон. Ер нь Сүхбаатарт маш их бүтээн
байгуулалт явагдаж байгааг монголчууд анзаарч байгаа байх. Харин таны
харсан тэр олон баримлууд бол ашиглалтанд ороод удаагүй байгаа манай
нутгийн чулууны үйлдвэрийн бүтээл. Баруун-Урт маш эрчимтэй хотжиж байна
гэж би түрүүнд хэлсэн. Хотын нэг шинж нь уран баримал. Соёл урлагаа
хэрхэн хөгжүүлж байна вэ гэдгээс тухайн хотын өнгө төрх харагддаг. Энэ
үүднээсээ Баруун-Урт аль хэдийнэ хот болсон гэж би хэлэх гээд байна.
-Егүзэр хутагтын хөшөөний нээлтийн үеэр хурдан морины уралдаан болно
гэлээ. Ер нь Зоригт гишүүн морь хэр сонирхдог вэ? -Моринд дургүй хүн гэж
байхгүй байх л даа. Би морины зураг авах их дуртай. Сайхан ажнайн зураг
хараад сууж байх ч бас сайхан шүү. Цагаан сар, улсын баярын хурдан
морины уралдааныг болж өгвөл харчихыг боддог. Ер нь их бага гэлтгүй
морины уралдаан үзэх их дуртай. Хөдөө айлд очоод хурдан сайхан
хүлгүүдийг хараад зогсох дуртай. Гэхдээ би өөрөө морь уядаггүй. Нутгийн
олон маань олон сайхан хурдан хүлэг өгсөн. Тэгэхээр удахгүй Зоригтын
хурдан хүлгүүд хурдлах байх аа.

-Түрүүнд бид хоёрын ярианд
"Наран мандах нутаг" гэж кино цухас дурдагдаад өнгөрлөө. Энэ кино
Сүхбаатарчуудын төдийгүй нийт монголчуудын сонирхлыг татсан төдийгүй
цааш үргэлжлэх байх гэсэн хүлээлтийг үүсгэсэн. Ер нь энэ кино үргэлжлэх
үү?

-“Наран мандах нутаг” кино 40 анги л хийгдсэн. Бид энэ
киногоор өнөө цагийн сүхбаатарчуудын бодит амьдралыг харуулъя гэж
зорьсон. Өнөөдөр бидний амьдралд сайн, муу зөрчилтэй, зөрчилгүй
баясалтай, тэмцэлтэй олон юм байна. Тэр бүгдийг нууж хаалгүйгээр янз
бүрийн чимэггүйгээр харуулъя гэж бодсон. Энэ кинонд Сүхбаатарын 2000
гаруй хүн тоглож өөрийн дүрээ дэлгэцэнд мөнхөлсөн. Ерөөсөө энэ кино
нийтийн бүтээл болсон. Энэ сайхан бүтээл маань дахиад 60 анги хийгдэнэ.
Өнгөрсөн 40 анги нь дөрвөн хананы дунд өөрөөр хэлбэл өрөө тасалгааны
дунд өрнөсөн. Тал нутгийнхан маань хээр талдаа байх дуртай улс шүү дээ.
Тийм учраас дараагийн 60 ангиа хөдөө рүү чиглүүлнэ. Үйл явдлыг нь хөдөө
өрнүүлье гэж төлөвлөж байгаа.

-Сүхбаатар аймаг жишиг аймаг
боллоо гэсэн таатай мэдээ сүүлийн үед их гарч байгаа. Ер нь өөрсдөө
нутаг орныхоо төлөө хичээн зүтгэж чадах аваас аймаг сумаа яаж хөгжүүлж
болдогийн маш том жишээ нь Сүхбаатар аймаг болсон. Харин таны хувьд
аймгийнхаа цаашдын хөгжлийг ямраар харж байна?

-Сүхбаатар
аймаг асар хурдтайгаар хөгжинө гэж бодож байгаа. Сүхбаатарчууд бид
айхтар улс төржиж талцдаг байсан. Энэ нь бидний хөгжилд садаа болдог
байсан. Сүүлийн гурав дөрвөн жилд Сүхбаатарын гаралтай голлох төлөөлөл
нь хоорондоо ярилцаад энэ талцдаг байдлаа хаа хаанаасаа зогсооё тэгээд
бүтээн байгуулалтан дээрээ нэгдэе гэж ярилцсан. Зөвхөн улс төрчид
төдийгүй нийт ард иргэдээрээ сонгуулиа ямар нэгэн хэрүүлгүйгээр хийж
чаддаг болсон. Сонгуулийн дараа ялсан ялагдсан бүгдээрээ тэврэлдээд
ханцуйгаа шамлан бүтээн байгуулалтынхаа ажилд ордог болж чадсан. Энэ нь л
бидний хөгжлийн гол нууц. Сонгууль болж л байдаг бид хийх ёстой ажлаа
хийж л байдаг. Ч.Улаан сайд, Сүхбаатарын гаралтай Монгол Улсын ерөнхий
сайд асан Сү.Батболд, МАН-ын генсек асан У.Хүрэлсүх гээд л АН-ыхан биш ч
гэлээ Сүхбаатараас гаралтай олон хүнийг нэгтгэж байгаа нэг зүйл нь
Сүхбаатар нутгийн хөгжил. Үүгээрээ би юу хэлэх гээд байна гэхээр бидний
хооронд босчихсон байсан улс төр гэдэг ханыг бид таягдан хаяж чадсан гэж
хэлэх гээд байгаа юм. Дээрээс нь бид шинжлэх ухаанчаар хандсан. 30
жилийн дараа ямар байх вэ гэдэг зураг төсөл томьёлолоо гаргаж чадсан.
Үүнийхээ дагуу цэгцтэй замбараатай хийж чадсан. Энэ хөшөөний нээлтийн
маргааш буюу 18-нд Барилга хот байгуулалтын сайдын зөвлөлийн өртгөтгөсөн
хуралдаан манай аймагт хуралдаж ирээдүй рүү харсан ажлуудыг нэн
ялангуяа дэд бүтцийг газар дээр нь шийдэж өгнө гэсэн. Энэ мэтчилэн олон
хандлага биднийг хурдацтай хөгжихөд нөлөөлж байна.

-Та улс
төр гэсэн ханыг таягдан хаяж чадсан гэж ярьж байна. Гэхдээ сонгуульд
ялсан нам нь бүх эрхийг гартаа авдаг нь сонгуулийн хууль. Магадгүй
дараагийн сонгуулиар ялагдвал аймгийнхаа хөгжлийг цааш явуулахын тулд
яах вэ гэсэн асуулт дотроос хатгаад болдоггүй?

-Би энэ
хөгжил цааш үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл аль нэг
намаас үл хамааран Сүхбаатарчууд хөгжлийн төлөө нэгдсэн. Бүх хүмүүсийн
хөгжилд хандах хандлага нь нэг болсон учраас энэ хөгжил цааш үргэлжилнэ
гэдэгт би итгэдэг.

Х.АЛТАНЦЭЦЭГ

Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж