Өвөлжилтөд 5,4 тэрбумийг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Өвөлжилтөд 5,4 тэрбумийг зарцуулжээ

Засгийн газраас сар бүр аймгийн Засаг дарга нартай хуралддаг цахим хурлаа өнөөдөр хийлээ. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хийсэн зарим ажлаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсан. Тэрээр хэлэхдээ, “Өвлийн цаг дуусч, урин цаг наашилж байгаа ч өвөлжит хүндрэх, хүндэрч болзошгүй аймгуудад өгөх тусламж, хямдруулсан өвс, тэжээл, бусад бүтээгдэхүүнийг нийлүүлээд байгаа. Машин, хүн хүч, техник хэрэгсэл зэрэг олон ажлыг төлөвлөгөөтэй хийсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн хэд хэдэн тогтоол гаргаж, хэрэгжүүлсэн. Нийтдээ Засгийн газрааc 5,4 тэрбум төгрөгийг өвөлжилтөд зарцуулсан байна. Энэ мөнгийг хаагдсан зам давааг цэвэрлэх, эмнэлгийн тусламж хүргэх, машин техник, улсын нөөцөд өвс, тэжээл бүрдүүлэх зэрэгт төсөвлөсөн. Харин үүнийг аймгийн Засаг дарга нар хүрэх хүмүүст нь хүргэж, хуваарилах ёстой” гэсэн юм.

Засгийн газраас эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт анхан шатнаас эхлээд бүх салбарт ажилласан нь бусад бүх салбарт ийм байдлаар ажиллах, энэ жишгээр аймгийн удирдлагууд мөн ажиллах ёстойг Ерөнхий сайд сануулсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаа хүлээж авснаас хойш зургаан аймагт ажилласан юм байна. Эдгээр аймгуудад тулгамдаж буй асуудал нь задгай захад үйлчилгээ эрхэлдэг байсныг Засгийн газраас шийдвэрлэж, битүү зах, худалдааны төв болгохоор шийдвэрлээд байгаа юм байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөснөө аймгийн Засаг дарга нарт онцолсон.

Мөн Засгийн газрын 11-11 төвд ирсэн иргэдийн саналаар Цагаан сарын золголт хийхийг хориглолоо. Жил бүрийн Цагаан сарын дараа бүх аймгийн удирдлагууд төсвийн мөнгөөр нутгийн золголт хийдэг байсыг больж, нутгийн золголтыг зогсоох шийдвэрийг Ерөнхий сайд хэллээ. Нутгийн золголтод зориулж, 80-100 сая төгрөг зарцуулдаг энэ үйлдлийг таслан зогсоож байгааг онцолсон. Мөн төрийн байгууллагуудын удирдлагууд мөнгө авсан, улсын мөнгөнөөс өөрсдийгөө шагнасан, төрийн компани нь өөрсөддөө ашиггүй гэрээ хийх, өндөр үнэтэй шахааны бизнес хийдэг гээд төрийн байгууллагын нэр хүнд маш муу байгаа. Тиймээс шинэ Засаг дарга нар, удирдлагууд ийм байдал үүсгэхгүй байхад анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж