Сү.Батболд, Д.Зоригт нарын үгийг сонсмоор байна

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Сү.Батболд, Д.Зоригт нарын үгийг сонсмоор байна

Монголын газрын баялаг бүхэлдээ Хятадын тэр дун­даа “Чайналко” группийн эзэм­шилд орох цаг ойрхон бай­на. Ойрхон ч гэж эхнээсээ Оюутолгой, Тавантолгойн ордууд тэднийх болчихсон гэж болно. Учир нь “Чайналко” групп нь дэлхийн хамгийн хүчирхэг уул уурхайн компани болох “Рио Тинто”-д шийдвэр гаргах түвшний буюу 18 хувийг нь эзэмшдэг болсоор даруй хоёр, гурван жилийн нүүр үзэж буй.  Энэ нь та бид нэрэн дээрээ Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг “Рио Тинто”-той хийсэн гэж ойлгоод байгаа ч цаана нь Хятадын төрийн өмчит “Чайналко” групп жинхэнэ утгаараа эзэн суусны илрэл юм. Цаашлаад Тавантолгойн нүүрсийг худалдан авах эр­хийг давуу нөхцөлтэйгээр авсан “Чалко”-ийн тухайд ч  мөн адил. “Чайналко” группийн охин компани бөгөөд Монголын нүүрсийг дэлхийд байхгүй хямд өртгөөр худал­дан авах цор ганц эрх бүхий хамтрагч.

Энэ мэдээлэл бол үндсэндээ Монголын төр стратегийн түншээ дэлхийгээс эрж хайж, үнэн зөвөөр нь олж тодруулаад байгаа юм байхгүй гэдгийн баталгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс хоёрхон хөрштэй нь туйлын үнэний нэгэн адил “Чайналко” гэсэн ганцхан хөрөнгө оруулагчид газрын баялгаа найр тавин өгөх үүрэгтэй болсон гэдэг нь ч эцсийн үнэн болж хувирсан бололтой юм.

Энэ талаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Чалко”-той гэрээ байгуулсан хүмүүсийн дагзанд буу тулгаж байгаад гарын үсэг зуруулчихсан юм болов уу” хэмээн гайхширч байгаагаа мэдэгдсэн. Ийн дүгнэх болсон шалтгаан нь дараах баримтаар нотлогдоно.

Анхандаа буюу 2011 оны долоодугаар сард Сү.Батболдын Засгийн газар Тавантолгойн нүүрсийг тонн бүрийг нь 70 ам.доллараар борлуулах гэрээг “Чайналко”-той хийсэн байдаг. Улмаар энэ үнэ нь сар өгсөх бус эерэгээрээ буурч, эцэстээ тонн тутмыг нь 53.6 долларт тулгасан. Ингэж бууруулах явцдаа хоёрдугаар улиралд нь 68,57, гуравдугаар улиралд 65.7, дөрөвдүгээр улиралд 56.7 ам.доллар болгосон байдаг. Гэтэл энэ талаар уг гэрээг үзэглэж, “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ алхам нээгдлээ” гэх сүржин мэдээллийг хийж байсан “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш дараах тайлбарыг өгсөн. Тэр нь “Нүүрсний эхний нэг сая тонныг тогтмол 70 ам.доллар, энэ нэг сая тонн нүүрсээ нийлүүлсний дараа зах зээлийн үнийн индексийн тохиргоог улирал тутамд хэрэглэнэ. Энэ нь зах зээлийн үнэ өсөх, буурах аль алинд нь хамаатай. 2011 оны эцсээр энэ индексийн тохиргоогоор үнэ жаахан  өсч, 71, 72 болж байсан санагдаж байна. Харамсалтай нь 2012 онд олон улсын болон Хятадын нүүрсний үнэ эрс унасан. 2012 оны гуравдугаар улиралд 66 орчим ам.доллар болж байснаа сүүлийн улиралд нь тавин хэд болсон байсан” гэх тайлбар.

Хэрэв уншигч та анзаарсан бол “Цаг үеийн нөхцөл байдлаар” гэх үндсэн санаа энэ тайлбарт агуулагдаж буй. Гэтэл дэлхийн бусад улс орнуудаас энэ тайлбарыг урьтал болгож, баялгаа гадагш нь ачдаг нь хэр олон юм бол. Улсаа бүхэл бүтэн 100 гаруй сая ам.долларын алдагдалд оруулан байж шүү дээ. Харамсалтай нь үүнд өнөөдөр тухайн үед уг гэрээг үзэглэсэн Б.Энэбиш захирал хийгээд гэрээ байгуулахыг нь дэмжсэн, үүрэг болгосон Ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар чимээгүй байна.

Хэрэв “Чалко”-той байгуулсан гэрээг үр­гэлжлүүлж, Тавантолгойн нүүрсийг урагш нь зөөсөөр байвал тонн тутмаас нь Монгол Улс 4.4-4.8 ам.долларын алдагдал хүлээх байсан гэдэг тооцоог Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тавантолгой гэдэг компани арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй. Хоёрдугаарт “Чалко” компаниас 350 сая ам.доллар авсан. Түүнээс үлдсэн өр нь 190 орчим тэрбум төгрөг байгаа. Энэ компанийн өрийг нь дараад үйл ажиллагааг нь үргэлжлүүлье гэхээр мөн л гацаанд орчихоод байна. Учир нь “Чалко”-той хийсэн гэрээ Тавантолгойд тэр дундаа Монголд хохиролтой гэрээ байгаа юм. Нэгдүгээрт, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 100 төгрөг байвал 70 төгрөгөөр өгнө гээд заачихсан. Тэгэхээр энэ гэрээнээс салахаас өөр арга байхгүй. Гэрээнээс салъя гэхээр бас л тэр компанид мөнгө өгөхөөр болчихоод байгаа юм. Хорлон сүйтгэх гэж байгаа юм шиг ийм гэрээ хийгдчихсэн байгаа. Гэхдээ ямар нэгэн аргаар асуудлаас гарна. Тэр компанид нь мөнгийг нь төлөөд гэрээнээсээ татгалзана. Засаг ийм шийдтэй байна” хэмээсэн байгаа.

Эндээс С.Батболдын Засгийн газар УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг иргэдэд олгож, ялалтын сурталчилгаа хийхийн тулд Тавантолгойн нүүрсийг “Чалко”-д тавьж туусан нь тодорхой болно. Ердөө л сонгуулийн төлөө шүү дээ. Хэрэв Засгийн газар тэдний хийсэн гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 186 сая ам.долларыг нүүрсээрээ төлж барагдууллаа гэхэд нэмж 60 сая ам.долларын алдагдал хүлээх тооцоо бий. Иймд Н.Алтанхуягийн Засгийн газар “Алдагдлаас алдагдал руу” гэсэн зарчим барьж, Монголынхоо эрх ашгийг дэвсэлсэн дээр нь дэвслэх гээгүй бол ийм замыг сонгохгүй нь мэдээж.

Гэхдээ Хятадын тал энэ бүх шийдвэртэй алхмуудыг эсэргүүцэж “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон удаа дурьдсанчлан “Чалко” нь “Эрдэнэс Тавантолгой” компанид ихээхэн хэмжээний урьдчилгаа төлбөрийг бага хэмжээний хүүтэй буюу гурван хувийн хүүтэй төлсөн. Урьдчилгаа төлбөр нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэн, үйл ажиллагаанд нь түлхэц өгч, Тавантолгойн ордыг ашиглах олон жилийн хүлээлтийг бодитой ажил хэрэг болгосон…Гэрээний хүчин төгөлдөр байдлыг хүндэтгэх нь аливаа хамтын ажиллагааны үндэс суурь нь юм. Бид “Эрдэнэс Тавантолгой” компани нь алсыг харж, өөрийн үүргийг ухамсарлаж, хүндэтгэнэ гэдэгт итгэж байна” гэх мэдэгдлийг гаргасан. Мөн тус улсын Элчин сайдын яамнаас ч тэр тодорхой байр суурийг илэрхийлж, гэрээг цуцалсан тохиолдолд нөхөн төлбөр шаардаж олон улсын шүүхэн хандана гэх үгсийг унагаж буй. Үндсэндээ энэ бүхэн С.Батболдын Засгийн газар хийгээд Ардын намын УИХ-ын сонгуульд ялах ялалтын төлөө Монгол Улс хэр их төлбөр төлж, тэдний эрх ашиг байгалийн баялаг хэрхэн арчигдаж байсны илрэл юм.

Та бид Африкийн улс орнуудын ядуурлын гол үндэс нь “Эрх баригчдынх нь буруу бодлого, улс орноосоо урвасан хувийн эрх ашиг нь улс орноороо хэрхэн тоглож байгаа явдал” гэсэн мэдээлэлтэй алхам тутамдаа танилцдаг. Тэгвэл Монгол Улсад Африкийн орны гажуудсан загвараас ангид явах боломж байна уу. Энэ боломжийг эрж хайх эхний алхам нь болгож дээрх нэр бүхий улстөрчид, албан тушаалтнуудтай хариуцлага тооцож “Ингэж эх орноо худалдвал ийм шийтгэл хүлээлгэдэг юм байна” гэсэн нэгэн жишгийг бий болгох цаг ирсэн бололтой. Ядаж л Ч.Сайханбилэг гишүүний хэлсэнчлэн толгойдоо буу тулгуулсан байж мэдэх Сү.Батболд тэргүүтний үнэн үгийг сонсмоор байна шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж