МАН, МАХН-ыг нэгтгэх талаар ил захидал илгээлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

МАН, МАХН-ыг нэгтгэх талаар ил захидал илгээлээ

УИХ-ын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж МАН, МАХН-ын гишүүдэд хандан ил захидал илгээжээ.

Тэрбээр МАН-ынхан хүч чадалдаа эрдэн хэтэрхий аагтай, омогтой бардам байсны уршгаар хүчээ тарамдуулж, УИХ-ын сонгуульд ялагдсан талаар ил захидалдаа дурджээ. “Ер нь бол жаахан юм боддог, ухаардаг хүн бүгдэд  урьдаас ойлгомжтой  байсан үр дүн.  Харамсалтай нь МАН-ын удирдлага дахь олигархи  бүлэглэл үүнийг харж, зохих арга хэмжээ авч ажиллаж чадсангүй, цаашдаа ч чадахгүй юм байна. Бяр тэнхээ нь багтаж ядан байсан  МАН ээлжит сонгуулиар УИХ-д бүлэг ч үгүй болж хувирахад хүрсэн. Хуулийг үл хүндэтгэж, өрсөлдөгчөө басамжилвал юунд хүрдгийг харав, харуулав” гэж энэ талаар бичжээ.

"Орон нутгийн сонгуулиар ч “Өрөөсөн гуталтай” МАН-ыг ч, өмссөн “гуталгүй” МАХН-ыг ч сонгогч ард түмэн огтхон ч өрөвдсөнгүй. Энэ нь иргэд сонгогчид хоёр намаас нүүрээ буруулсных биш, харин ард түмний урам хугарч, сэтгэл хуваагдсаны шинж.  Энэ хоёр нам салж сарниагүй бол ард түмний олонхи нь тэдэнтэй хамт байх байсан гэж бодож байна. УИХ-ын сонгуульд намын нэрээр МАН 31 хувь, “Шударга ёс” эвсэл 22,5 хувийн санал авсныг нийлүүлэн тооцвол МАХН /хагарч бутраагүй бол, бас сонгогчдын саналыг хагалан бутаргаагүй бол/ монголын парламентад дийлэнх олонхи болох бодит боломжтой байсан нь харагдаж байна” хэмээн УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж бичээд цаашдаа МАН, МАХН хоёр буцаж нэгдэн хамтарч ажиллах саналыг сар шинийн өмнө дэвшүүлсэн байна.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж