Ираны Ерөнхийлөгч Египетэд айлчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Ираны Ерөнхийлөгч Египетэд айлчилжээ

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өнөөдөр Египетийн нийслэл Каир хотод эхэлж буй Исламын хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтад оролцохоор өчигдөр тус улсад ирсэн байна. Ерөнхийлөгч Махмуд Ахмадинеж Египетэд айлчилснаар тэрээр 1979 онд болсон исламын хувьсгалаас хойш тус улсад айлчилж буй анхны Ираны ерөнхийлөгч болжээ. Түүнийг Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси албаны хүмүүсийн хамтаар  Каир хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр тосч авсан бөгөөд тэд үүнээс өмнө өнгөрсөн жилийн наймдугаар сард Тегеранд болсон Эвсэлд үл нэгдэх орнуудын чуулга уулзалтын үеэр уулзаж байсан аж.

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад энэхүү түүхэн айлчлалынхаа хүрээнд өчигдөр Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурситай хоёр орны хамтын ажиллагаа,  холбоо харилцааг хүчирхэгжүүлэх болон Сирид бараг хоёр жилийн хугацаанд үргэлжилж буй зөрчил мөргөлдөөнийг дуусгах асуудлыг авч хэлэлцжээ. Энэхүү уулзалтын дараа Ерөнхийлөгч Мухаммед Мурси Ираны ерөнхийлөгчийн энэхүү айлчлалыг тус улсын гадаад харилцаанд шинэ хуудас нээсэн үйл явдал болсныг онцлон мэдэгдсэн байна. Гэхдээ шинжээчдийн зүгээс хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтыг “дүр эсгэсэн” байдалтай, хэн хэн нь болгоомжилсон өнгө аястай байсан гэж дүгнэжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж