
Захуудаар Казакстаны Цесна гэх гурилын үнэ 2000 төгрөг болж дээд ханш тогтоосон ч лангуун дээр харагдахаа больжээ. Хэрэглэгчид захын борлуулагч нараас “Алтан тариа”-н ширхэгтэй дээд, дээдийн дээд гурил хамгийн их асууж сураглаж байгаа гэнэ. Хэдийгээр үнэ нь 1200-1400 төгрөг хүрсэн ч хайгаад олдохгүй бас л нөөцгүй болсон бололтой. Энэ жил буудайны чанар муугаас дээд зэрэглэлийн гурилын үйлдвэрлэл багасч ширхэгтэй дээд, дээдийн дээд гурилын нөөц аль эрт дууссан гэнэ. Харин “Алтан тариа”-н дээд гурил эрэлт ихтэй, борлуулалт ч сайн, үнэ нь ч боломжийн нэг кг нь 780 төгрөг буюу уутаараа 19500 төгрөг байна.
“Улаанбаатар”, “Милл хаус үйлдвэрүүд дээд гурил гэж бараг гаргадаггүй гэх ба нэгдүгээр гурил нь 580-620 төгрөгөөр зарагдаж байна.
Сар шинийн баяр дөхөж хүмүүс бууз, идээгээ бэлтгэж байгаа энэ үед нэг хэсэг урсаж, нялцайлаа гэж хэл ам болоод байсан “Алтан тариа”-н дээд гурил л зах, дэлгүүрүүдээр худалдаалагдаж, цагаан сарын буузны гол гурил болоод байна. Дээд гурилыг өндөг хийж, давстай бүлээн усаар зуурвал сайн байна гэх үгийг наймаачид ярьж байна.
А.АНУ