Спортод элэгтэй хүн, дуртай хүн, бүр спортоор өвчилчихсөн хүн гэж хэд хэдэн зиндаа спорт сонирхогчдын дунд байх шиг. Монголд маань спортоор хүнд өвчилсөн хүн мэр сэр бий. Гэхдээ тэдэн дундаас Английн “Челси”-г хариуцлагатай тоглолт хийхэд Гандан руу гүйж, ном гүрэм бичүүлдэг нь ганц. Энэ ганц хүн бол Ч.Отгонбаатар. Тэрээр Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албатай. Гэхдээ ерөнхийлөгч гээд суугаад байхгүй ээ, сурсан зангаараа хаана л бол хаана харайж явна. Түүнийг спортынхон болоод ойр тойрныхон нь Сато ах хэмээн авгайлдаг. Сато ах өнөөдөр яг 54 насныхаа босгыг давж яваа. Өдөртөө Монголдоо болж буй уралдаан тэмцээн бүр дээр шахуу гүйж явдаг ах маань оройдоо зурагтаа гялалзуулаад, интернэтээ эгшиглүүлээд, принтерээ тачигнуулаад суучихна. Энэ бүхэн нь дахиад л спорттой холбоотой. Ингээд спортын халуун ам бүлдээ дулаан сэтгэлээр хандаж, үргэлж хөдөлмөрлөж суудаг Сато ахдаа улам эрч хүчтэй, улам залуу байхын ерөөл өргөе!
Эх сурвалж: www.NEW.mn
