Зургаан эмчийн томилгоо хүлээгдэж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Зургаан эмчийн томилгоо хүлээгдэж байгаа гэв

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зургаан эмчийг төрийн эсрэг тэмцсэн хэмээн ажлаас нь халжээ гэх мэдээлэл өнөө өглөө твиттерээр цацагдсан байсан юм. Уг мэдээллийн талаар Цэргийн госпиталийн хүний нөөцийг хариуцсан албан тушаалтан утсаар холбогдон тодруулахад, “Манайд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгээс шилжин ирсэн эмч нарыг томилгоо хийгдэж байгаа. Одоогоор ажлаас халсан тодорхойлолт хэнд ч хийгээгүй байна. Гэхдээ зургаан эмчийн томилгоог хараахан шийдэж хийгдээгүй, хүлээгдэж байгаа. Энэ талаарх мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын хүний нөөцөөс тодруул. Тэд томилгоо хийдэг” гэв.

Уг эмнэлгийг тойрсон асуудал он дамнан яригдсаар байгаа юм. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэж Төрийн ордны баруун талд байсныг өнгөрсөн жил нураан буурин дээр нь шинэ эмнэлэг барьж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байх үед төсөвт тусгагдаж, барилгын ажил нь эхэлсэн юм. Харин салбарын шинэ сайд уг эмнэлгийг Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн госпитальтай нэгтгэж, одоо баригдаж байгаа хоёр барилгыг Дээд шүүх, шинээр байгуулагдах Мөрдөх албаны байр болгоно гэснээс болж эмнэлгийн удирдлага, эмч ажилчид болоод салбарын сайдын хооронд үл ойлголцол үүссэн. Сайдынхаа шийдвэрийг эсэргүүцсэн эмч, офицерүүд эсэргүүцлээ илэрхийлэн түр хороо хүртэл байгуулаад байгаа юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж