Хямд үнэ муу чанарыг дагуулах ёсгүй

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Хямд үнэ муу чанарыг дагуулах ёсгүй

Үйлчлүүлэгч хаан гэдэг. Харин тэр “хаад” нь хиртэж, халтартсан махаар “зоог” барьж байна.

Улаанбаатар хотод махны үнийн хөөрөгдлийг барих зорилгоор мах нөөцлөөд таван жилийг үзлээ. Хүрэлцээ муутай, туранхай, хэтэрхий их ястай, чанар муутай гэж иргэд дургүйцдэг ч нөөцийн мах жил бүр “од” болдог. Тэр тусмаа цагаан сарын баяраар бүр ч ихээр тодордог “оддын” нэг бол яах аргагүй нөөцийн мах билээ. Хотын удирдлагууд иргэдийн хэрэгцээг хангах зорилгоор Цагаан сарын баярын өмнө “Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа”–г зохиодог уламжлал тогтсон. Харин энэ жилийн хувьд нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 14 мянган тонн мах нөөцөлсөн байна. Өргөтгөсөн худалдаагаар өдөртөө 30 тонн орчим нөөцийн махыг худалдаалж байна гэнэ. 

Энэ жилийн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа хоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Томоохон супермаркет, худалдааны төвүүдээр “”НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА” гэсэн бичиг харагдах болсон. Нөөцийн мах гулуузаараа хонины мах 5200 төгрөг, ямааны мах 4200 төгрөгийн үнэтэй. Зарим худалдааны төвийн гадна нөөцийн махыг ачааны машинаар авчирсан нь харагдана.

“Бөмбөгөр” худалдааны төвийн гадна нөөцийн мах худалдаалж байна. Энэ цагийн “од”-ыг “шүтэн” олон иргэд цуглажээ. “Жаст Агро” ХХК туслан гүйцэтгэгч “Само мах” ХХК гэсэн бичиг бүхий “Портер” маркийн автомашинд өнөөх “одыг” багагүй ачжээ.

“Сайхан тарган мах алга. Гэсэн ч одоо яахав. Үнэ нь арай татуу юм” гэсээр иргэд мах худалдан авч байна. Зарим нэг нь “Бөмбөгөр”-ийн үүдэнд нөөцийн мах гулуузаар нь зарж байна гэж утсаар ярина. Гэтэл олны дунд ээжээсээ төөрчихгүйн тулд зүтгэх нэгэн бяцхан охин нөөцийн мах гэх “од”-ыг олж харснаа:
-Хөөх, ямар заваан юм бэ гэх нь худалдан авагчдын “Дахиад ирэх юм уу, нэг мах нь дунджаар хэдэн кг болох бол, эндээс өөр хаагуур борлуулж байгаа бэ” зэрэг дуунаас тун содон сонсогдлоо. Ачааны машинд эргэн тойрон хир даг болсон гулууз махнууд харагдана. Бас махны ченжүүдийн нэрлэдгээр “мянгын мах” ч цөөнгүй харагдана. Махны ченжүүд орон нутгаас ирсэн махыг үнэ унагаан авахын тулд туранхай, халтартсан махыг “мянгын мах” гэж нэрлэн, 1000 төгрөгөөр худалдаж авдаг. Үүнийгээ “мянгын мах” гэж нэрлэнэ. Ченжүүд “Иргэд чинь халтартаж, жаахан хир болчихсон байхыг харвал худалдаж авна гэж байхгүй. Бид нар “шатдаг” байхгүй юу” гэхчлэн голж, шилэн дуртай дургүй авдаг мах харин “нөөцийн” тодотголтойгоор энд худалдаалагдаж байна. Ингэхэд нөөцийн мах биш гадуур худалдаалж буй мах ингэж хир даг болчихсон байвал иргэд худалдан авна гэж үү. Үгүй л болов уу. Ядахдаа бохир, туранхай байна гээд өөр газраас худалдан авах биз.

Нөөцийн махыг худалдан авагчид “Ямар заваан юм бэ” гэх бяцхан охины дууг үл тоон, хиртэж харласан нөөцийн махыг худалдан авахаар улам бүр нэмэгдсээр байх аж. Тэдний хувьд хиртэж халтартсан туранхай нөөцийн мах гэдэг энгийн зүйл мэт санагддаг бололтой.

Нөөцийн махны худалдааны зорилго нь хямд үнэ биш гэдэг. Харин үнийн хөөрөгдлийг багасгаж, өрхийн орлого доогуур иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэхэд нөөцийн махны худалдааны зорилго орших аж. Тэгвэл үнийн хөөрөгдлийг чанар муутай, халтар махаар барихгүй нь ойлгомжтой. Дундаж орлоготой иргэд гадуур худалдаалж буй тарган, цэвэрхэн махыг худалдаж авах нь ойлгомжтой. Харин өрхийн орлого доогуур иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлж буй нэрийн доор энэ төрлийн бизнес “цэцэглэн” хөгжсөөр байна уу гэлтэй.

Ингээд “Жаст Агро” компани руу утсаар холбогдож, гадуур зарагдаж буй нөөцийн мах заваан байгаа талаар “хов” дуулгалаа. Тэд “Борлуулагч “Само мах” ХХК-д махны ариун цэвэр, чанарын шаардлагыг ханган ажиллахыг даалгана” гэлээ. Хямд үнэтэй байлаа гээд үйлчлүүлэгчид заавал чанар муутайг хэрэглэх албагүй. Чанартай, ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нь хаан” таны эрх юм.  

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж