Бин Ладены алагдсан хотод парк байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.02.06-нд нийтлэгдсэн

Бин Ладены алагдсан хотод парк байгуулна

Алан хядагч, “Аль-Каида” террорист бүлэглэлийг үүсгэн байгуулагч Осама бин Ладений амьдралынхаа сүүлчийн хором хүртэл амьдарч байсан Пакистаны Аббаоттабад хотод зугаа цэнгэлийн парк байгуулахаар болжээ. Албанхны мэдээлснээр Хайбер-Пахтунхва мужийн Абботтабад хотод зугаа цэнгэлийн парк байгуулахаар төлөвлөсөн нь жуулчид Осама бин Ладены Америкийн цэргүүдэд бүслүүлэн, амь үрэгдсэн газрыг ихээр үзэж, сонирхдогтой холбоотой гэнэ. Гэхдээ зугаа цэнгэлийн паркийг Осама бин Ладены амь үрэгдсэн тэр газарт биш, хотын захад байгуулахаар төлөвлөсөн байна.  Тус паркт амьтны хүрээлэн, усан спорт, мини гольф, хаданд авирах, параплан клуб зэрэг олон сонирхолтой зүйлс багтах гэнэ. Парк байгуулах төсөлд 30 сая ам.доллар зарцуулах бөгөөд таван жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хайбер-Пахтунхва мужийн аялал жуулчлал, спортын сайд Сиед Акил Шахын мэдэгдсэнээр эхний ээлжинд зугаа цэнгэлийн паркийг 20 га газарт байгуулах бөгөөд цаашдаа талбайг улам нэмэгдүүлж, 202 га талбайд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.

АНУ-ын цэргийн тусгай хүчин 2011 оны тавдугаар сарын 2-нд Осама бен Ладеныг Пакистаны Абботтабад хотод бүгж байхад нь олж, илрүүлэн хөнөөсөн юм.

Абботтабад хот нь Пакистаны нийслэл Исламабад хотоос хойд зүгт Гималайн нурууны бэлд оршдог аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж