Инфляцийн өсөлтөд нөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Инфляцийн өсөлтөд нөлөөлжээ

Дэлхийн банкнаас 2010 оны хоёрдугаар сарын Монголын эдийн засгийн тоймыг гаргасан байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр зэсийн үнэ болон худалдааны гол түнш болох Хятад улсын эрэлт өсч байгаагаас үүдэн экспорт дорвитой сэргэж байна. Дотоодын эдийн засгийн сэргэлтээр дэмжигдэн импорт мөн сэргэж байна. Гадаад нөөц өндөр түвшинд хэвээрээ, төгрөгийн хадгаламж их хэмжээгээр өссөн нь бодит хүү өндөр байгаа мөн ханш чангарах төсөөлөлтэй холбоотой байна. Үүний зэрэгцээ төсвийн орлого тогтворжиж мөн зарлагыг хянаж чадсанаар төсвийн алдагдал сайжирч байна.

Гэвч хоёрдугаар сарын мэдээгээр инфляци 8.7 хувьд хүрч өссөн нь өмнөх сарынхаас хоёр  дахин, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарынхаас 1.2 хувиар өссөн байна. Энэ өсөлт нь гол төлөв зудын улмаас малын хорогдол ихэссэнээс хүнсний барааны үнэ, ялангуяа махны үнэ нэмэгдсэн, иргэдэд 70000 төгрөгийг бэлнээр тараасантай холбоотой байна.

Дэлхийн банкнаас гаргасан мэдээлэлд “Бодит орлого болон худалдан авах чадварыг өндөр инфляци муутгаж байгаа үед бага орлоготой айл өрхүүд хамгийн хүчтэй өртдөг. Түүнчлэн эдгээр нөлөөллүүд өнгөрсөн оны эдийн засгийн хүчтэй уналт болон сүүлийн үеийн зудын нөлөөллөөс гадна үүсээд байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яамны хоёрдугаар сарын мэдээгээр 4.1 сая толгой мал зуданд нэрвэгдээд байна. Үүнээс 50 гаруй хувь нь ямаа  бөгөөд ноолуурын салбарт нийлүүлэлтийн тасралт үүсгэхийн дээр хөдөөд амьжиргааны төвшин, орлого муудаж болзошгүй  байна” гэжээ.
Түүнчлэн банкны салбарт чанаргүй зээлийн багц тогтворжих хандлага байгаа хэдий ч хугацаа хэтэрсэн үндсэн өрийн төлбөр (үндсэн өрийн төлбөр 90 хоногоос дээш хугацаа хэтэрвэл чанаргүй зээл болж ангилагддаг) нэмэгдэж байгаа тул энэ нь түр зуурын сайн мэдээ байх нь нотлогдож болзошгүй.
Ерөнхйидөө Монголын эдийн засаг өнгөрсөн оны хурц хямралын дараа сэргэж буй шинж тэмдэгүүдийг харуулсан хэвээр байна. Өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн бодлогын хүчтэй арга хэмжээнүүд болон гадаад орчны таатай байдал эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна.
Энэ удаагийн хаврын чуулганаар Монгол улсын парламент хэд хэдэн чухал хуулиудыг хэлэлцэж шинэчлэхээр төлөвлөж байна. Үүнд нийгмийн халамжийг нэгтгэж, хуулийг шинэчлэх мөн төсвийн тогтвортой түвшинд нийгмийн халамжийн чиглүүлэлтийг сайжруулах зэргийг оруулсан байна. Парламент төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон төсвийн органик хуулийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэснээр төсвийн хүрээнд уул уурхайн орлогыг зөв удирдлага болон төсвийн тууштай амлалтууд тавигдах болно. Банкны салбарын хувьд шинэчлэлийн бодлого удахгүй боловсрогдож дуусах хүлээлттэй байна. Төв банкны интервенци эрх мэдэл болон санкцуудыг хүчитгэхэд одоогийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Эцэст нь улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт техник эдийн засгийн үзүүлэлтгүй төслүүдийг хасхаар 2010 оны төсөвт өөрчлөлт оруулах шахалт, шаардлага өссөөр байна.
Эдгээр шинэчлэлүүд нь Монгол улсыг ирж буй уул уурхайн өсөлттэй холбоотой “голланд” өвчлөлтэй хамааралтай эрсдлүүдийг багасгахад болон төсвийг зэсийн үнийн хэлбэлзлээс хамгаалахад гол үүргийг гүйцэтгэх болно. Нийгмийн халамжыг чиглүүлж тавьсанаар ирээдүйн уул уурхайн мөчлөгөөс ядуучуудыг төсвийн боломжит хүрээнд хамгаалах баталгаатай болно. Түүнтэй адил, банк санхүүгийн салбарын асуудлуудыг ил тод, шийдмэг байдлаар шийдвэрлэснээр ирж буй эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт болон санхүүгийн урсгалуудад энэ салбарыг бэлтгэх болно гэж Дэлхийн банкнаас мэдээлж байна. 

Д.Цэцэн         
      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж