
Улаанбаатарын агаарын бохирдол жирэмсэн эмэгтэйчүүд, хэвлий дэх урагт ямар нөлөө үзүүлдгийг Канадын нэгэн их сургуулийн профессор судлах гэж байна. Канадын Simon Fraser их сургуулийн эрүүл мэндийн сургуулийн туслах профессор Райн Аллен нүүрсний утаа, бохир агаар эхийнхээ хэвлийд хөгжиж байгаа урагт нөлөөлдөг эсэхийг ирэх зургадугаар сараас эхлэн ажиглалт хийж, судлах гэж байна. Санамсаргүй түүврийн аргаар сонгосон, жирэмслэлтийн эхэн үедээ байгаа эмэгтэйчүүдэд агаар шүүгч өгөх юм байна. Гэр хороололд зориулсан агаар шүүгч гэртээ байрлуулсан эмэгтэйчүүдийг ажиглаж, ургийн хөгжилд хэрхэн эерэгээр нөлөөлөхийг ажиглах ажээ. Энэ оны зургадугаар сард оролцогчдыг сонгож, нэг жил ажиглаад 2014 оны зун судалгааны үр дүнгээ цуглуулж, дүгнэлт хийх юм байна.
Агаарын бохирдол ирээдүй хойч үед сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр байдаг байна. Өсөлт бойжилт нь хэвийн хэмжээндээ хүрэхгүй хүүхдүүд гарч байгаа нь агаарын бохирдолтой холбоотой байх магадлал өндөр байдаг учраас тусгайлан судлах шаардлагатай юм.
Хэрвээ утаанаас болоод ураг согогтой хөгжих эсвэл жин багатай төрвөл хожим нь олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг байна. Тамхины утаа, агаарын бохирдолтой нөхцөлд төрсөн хүүхэд том болох явцдаа олон төрлийн өвчнөөр өвчлөх магадлалтай байдаг байна. Жишээ нь жин багатай төрсөн хүүхдүүд хожим нь чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлал их байдаг ажээ.
Б.ХАЛИУН