Г.Баярсайхан: Нүүрс тараахыг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан: Нүүрс тараахыг дэмжихгүй

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо анхны хуралдаанаа хийлээ. Уг хороонд Зам тээврийн яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа нүүрс хүчлийн хийг багасгах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг хийлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол үүсгэж байгаа нэг том хүчин зүйл нь автомашины яндангаас ялгарч байгаа утаа аж. Зөвхөн нийслэлийн хэмжээнд нийтийн тээвэрт 800 гаруй том оврын автобус үйлчилдэг байна. Тэдгээрээс 1469 тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулж хорт утааных нь ялгарлын хэмжээг судлахад суудлын автомашиныхаас өндөр гарчээ. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобусыг хийн түлшинд шилжүүлэх шаардлагатай гэж үзэн Цэвэр агаар сангаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох хүсэлтийг холбогдох газрууд тавьсан юм байна. Нөгөөтэйгүүр, энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа нийт авто машиныг үзлэг оношлогоонд хамруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Замын цагдаагийн газар, Авто тээврийн үнэдсний төв хамтран “Утаа” арга хэмжээг энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн зохион байгуулна. Энэ хүрээнд авто машин бүрийг оношлогоонд оруулж ялгаруулж байгаа утаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн эсэхийг нягтлана. Хэрэв тухайн авто машин зөшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байвал хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээг авах аж. Судалгаагаар улсын хэмжээнд байгаа авто машинуудын 80 шахам хувь нь долоогоос дээш насжилттай гэж гарчээ. Олон жил болсон авто машинуудаас ялгарах хорт утааны хэмжээ хэт өндөр байдаг тул импортоор оруулж ирж байгаа авто машинуудыг насаар нь ялгаварлаж, хэт өндөр насжилттайг нь хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлага үүсч байгааг холбогдох албаныхан энэ үеэр тодотголоо.

Дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг үүсгэхэд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь гэр хорооллын яндангаас ялгарч байгаа утаа. Өнгөрсөн намар Засгийн газар гэр хорооллынхонд хямд үнэтэй нүүрс хүргэхийн тулд Багануурын нүүрсийг зохион байгуулалттайгаар тодорхой цэгүүдээс түгээсэн. Нэг талдаа иргэдийн амьжиргаанд энэхүү нүүрсний нийлүүлэлт эерэг үр дүн дагуулсан ч нөгөө талдаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах УИХ, Засгийн газрын бодлоготой зөрчилдөж байгаа. Тийм учраас ирэх намар нүүрс тараах ажлыг Засгийн газар дахин зохион байгуулбал Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо дэмжихгүй. Ер нь сүүлийн хэдэн жилийн турш хагас коксжсон шахмал түлш боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх тухай ярьсан боловч ажил хэрэг болохгүй байна. Дулааны цахилгаан станц-2-ыг түшиглэн хагас коксжсон түлшний үйлдвэр байгуулах ажлыг өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн ч одоо хэр нь ашиглалтад орохгүй байгаа тул холбогдох газрууд энэ талаар гарц хайх ёстой. Дараагийн үйлдвэр байгуулах гарцыг эрэлхийлэх ёстой гэж байв.

Уул уурхайн яам, Түлш эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнуудын тайлбараар бол хагас коксжсон түлш үйлдвэрлэх тендэрт Аморе интернэшнл ялж, ажлаа эхлүүлсэн. Гэвч цаасан дээр батлагдсан технологийг шууд нэвтрүүлэх ажил хийгдсэн. Энэ явцад технологийн алдаа гарсан байж болзошгүй байгаа. Уг нь үйлдвэрийг 2012 оны есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр гэрээнд заасан байсан ч одоо хэр нь ашиглалтад ороогүй. Ямартай ч гүйцэтгэгч компанийн зүгээс туршилтын ажлыг шат дараатай хийж, ОХУ-аас мэргэжилтнүүд ирж ажиллах зэргээр аль болох үйлдвэрийг ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байгаа гэсэнн тайлбар хийсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж