Вера Романова хааны цусан төрөл, Оросын вангийн хатагтай (1906.04.11-2001.01.11)
Их ван Константин Константиновичийн бага охин Вера Константиновна Романова 1906 оны дөрөвдүгээр сарын 11-нд төржээ. Түүний загалмайлсан эх нь хатан хаан Александра Федоровна байлаа. Эцгийгээ нас барсны дараа 1915 оноос 1918 он хүртэл Боржин ордонд амьдарч байгаад ах Георгий, хоёр үеэл дүү нар ба эхийн хамт Шведэд гарчээ. Тэр Бельги, Германд амьдарч, дарвуулт завийн спортоор хичээллэж байлаа. 1927 онд эхийгээ нас барсны дараа Вера Альтенбургт амьдарч байв. Дайны үеэр герман гаралтай гэж, тэнд амьдарч байгаад 1945-1951 онд Британийн Улаан загалмайн салбарт орчуулагч хийжээ. 1951 онд АНУ-д ирэн амьдарсан ч тэндхийн иргэн болоогүй байв. Хааны цусан төрөл байсан ч Вера Константиновна Романовын отгийн Кириллийн салаа хаан ширээг залгамжлах ёстой гэж хэзээ ч үзэж байсангүй. Тэрбээр “Романовын гэр бүлийнхний гишүүдийн нэгдлийг” толгойлж иржээ. Хааны Дээд зөвлөлийн гишүүн нь байлаа. Энэ эмэгтэй “Оросын хаан ширээг залгамжлах хууль ёсны хүн” гэж тооцогдож иржээ. Хаант засаглалын хувьсгалын өмнөх хуулийн дагуух бүхий л эрх түүнд байлаа. Сүүлийн жилүүддээ тэр л домогт хамаатнуудаа дурсан санах цорын ганц хүн байв. Хааны гэр бүлийн шилдэг төлөөлөгчдийн нэг нь байсан юм. Оросын цагаачдын дунд ч ихээхэн нэр хүндтэй байжээ. Орос-Америкийн асрамжийн газарт тэрээр амьдарч байгаад 2001 оны нэгдүгээр сарын 11-нд нас баржээ.
Энэ өдөр таалал төгсжээ
Константин Юон Орос ба Зөвлөлтийн зураач (1875.10.24-1958.04.11)
Константин Юон 1875 оны аравдугаар сарын (12) 24-нд Москва хотноо төржээ. Хувь тавилангийн буянаар тэрээр урт насалж, аз жаргалтай гэр бүлтэй, эргэн тойрондоо хайр хүндэтгэлтэй хүн байлаа. Амжилт маш эрт ирж, үргэлж түүнийг дагалдаж байлаа. Хувьсгалын дараа өндөр шагнал, цол, удирдах тушаал түүнийг өөрөө хайн ирсэн гэж болно.
Гай зовлон түүнд харьцангуй бага тохиолджээ. Тариачин эмэгтэйтэй гэрлэсэн гэж эцэгтэйгээ хэдэн жил холбоогоо тасалсан байв. Мөн хөвгүүдийнх нь нэг багадаа өнгөрсөн зэргээс өөр зовлонг тэр үзсэнгүй. Тэрбээр 1892 онд Москвагийн урлагийн сургуульд суралцан К.А.Савицкий, Н.А.Касаткин, А.Е.Архипов, В.А.Серов нарын нэртэй зураачдаар багшлуулж байлаа.
Түүний зургууд ихээхэн гүйлгээтэй байснаас тэрээр Орос ба Европоор аялж чадсан юм. Хожим түүний зургууд янз бүрийн үзэсгэлэнд хамгийн эрэлттэй байлаа. Тэрээр уран зураач, номын зураач бөгөөд театрын зураач байлаа. Гэхдээ түүний байгалийн зургууд нь л жинхэнээр тэргүүлж байсан юм. Түүний үед эртний шашны шүтээн зургуудыг шинээр нээсэн бөгөөд тэр нь зураачийн үзэл бодлыг төлөвшүүлж өгчээ. Сүүлийн жилүүддээ Москва орчмын Лигачево тосгонд амьдран зурж байгаад 1958 оны дөрөвдүгээр сарын 11-нд нас эцэслэжээ.