
АНУ-ын Алабама мужийн Мидлэнд гэх жижиг хотод 65 настай Жимми Ли Дюк гэгч эр зэвсэглэн, сургуулийн автобус руу халдаж, таван настай Этан нэртэй хүүг барьцаалжээ. Энэхүү хэргээс зургаа хоногийн дараа буюу өчигдөр Холбооны мөрдөх товчоо /FBI/-ны цагдаа нар барьцаалагч этгээдийг хөнөөж, хүүг эсэн мэнд суллаж чадсан байна. Одоогоор хүү сэтгэл санааны гүн цочролд орсон байдалтай байгаа ба түүнийг Дотан хотын ойролцоох “Flowers” гэх эмнэлэгт хүргэжээ. Холбооны мөрдөх товчооны тусгай мөрдөгч Стив Ричардсоны мэдээлснээр цагдаа нар Жимми Ли Дюкийн хүүг барьцаалан хорьж байсан агуулах рүү дайран орж, зэвсэглэсэн барьцаалагчийг аюулгүй болгосон байна. CNN-ийн мэдээлснээр Холбооны мөрдөх товчоо хүүг барьцаанаас суллах тусгай ажиллагаанд Америкийн цэргийнхний дайны бүст ашигладаг гар аргаар бүтээсэн тэсрэх бөмбөг илрүүлэгчийг ашиглажээ. Түүнчлэн Холбооны мөрдөх товчооны тусгай ажиллагаанд цэргийнхэн зөвлөгчөөр ажилласан тухай нэгэн эх сурвалж мэдээлжээ.
Алабама мужийн Мидлэнд хотод өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт бага сургуулийн автобус хоёр сурагчийг гэрийнх нь гадаа буулгаад хаалгаа хааж амжаагүй байхад Жимми Ли Дюк гэгч зэвсэглэсэн эрэгтэй автобус руу дайран орсон байна. Тухайн үед автобусанд зорчиж явсан 21хүүхэд хашгиралдан автобусны нөгөө хаалгаар буусан бөгөөд Жимми Ли Дюк автобуснаас бууж амжаагүй хоёр хүү рүү дайрчээ. Харин энэ үед автобусны жолооч түүнийг барьж аван ноцолдож эхэлсэн байна. Гэвч Жимми Ли Дюк жолоочийг дөрвөн удаа буудаж, амийг нь хөнөөгөөд, таван настай хүүг барьцаалан зугтжээ. Дараа нь тэрээр хүүг өөрийнхөө гэрийн ойролцоо байрлах нэгэн агуулахад хорьж байсан байна.
Б.АНХТУЯА