
Их Британийн талаас зуучилсны дагуу Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай болон Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари нар Лондонд уулзалт хийсэн билээ. Энэхүү уулзалтын үр дүнд хөрш орнууд ойрын зургаан сарын дотор Афганистанд энх тайван тогтооход хамтран ажиллахаар зөвшилцсөн тухай Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгджээ. Түүнчлэн хөрш орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд хоёр улс батлан хамгаалахын салбар дахь стратегийн хамтын ажиллагаанаас гадна эдийн засаг, худалдаа, хилийн менежментийн салбарт хамтран ажиллах түншлэлийг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай болон Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари нар харилцан тохиролцсон амлалтаа биелүүлэхээ баталгаажуулж, Стратегийн хамтран ажиллах гэрээ /Strategic Partnership Agreement (SPA)/-нд гарын үсэг зурсан аж. Үүгээр барахгүй Афганистан болон Пакистаны зүгээс талибанчуудтай энхийн яриа хэлэлцээ хийхэд хамтран ажиллах зорилгоор Катарын нийслэл Дохад Афганистаны төлөөлөгчийн газрыг нээхээр болсон байна.
Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар хоёр улсын төрийн тэргүүн нарын дээрх уулзалтад анх удаа Гадаад хэргийн сайдууд, цэргийн удирдлагууд, тагнуулын албаны дарга нар оролцсоноороо ач холбогдол өндөртэй болсон гэнэ. Сүүлийн үед Пакистаны зүгээс талибанчуудтай энх тайвны тохиролцоонд хүрэхийн тулд нэлээд тооны хүнийг тус улсын шоронгоос суулах арга хэмжээ аваад буй билээ.
Б.АНХТУЯА