Н.Төгсцогт: Мэргэжлийн бокст хүч сорих бодолтой байгаа

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт: Мэргэжлийн бокст хүч сорих бодолтой байгаа

17-хон насандаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж боксын спортын ертөнцөд өөрийгөө мэдрүүлсэн тамирчин бол гавьяат тамирчин Н.Төгсцогт билээ. Монголын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа тэрээр одоо олимп, дэлхийн хос медальтай болжээ. Олимп, дэлхийн мөнгөн медальт, улсын дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Н.ТӨГСЦОГТТОЙ ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Түрүүлсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Бэлтгэл сургуулилт сайн байсан учраас улсын аварга болсон. Энэ бол олимпоос хойш оролцсон миний хоёр дахь тэм­цээн. Хамгийн гол нь цаашид олон улсын тэмцээн уралдаанд явах эрхээ олж авсандаа баяртай байна. Энэ жилийн улсын аваргыг гавьяат дасгал­жуулагч, XX зууны боксын манлай дасгалжуулагч В.Батбаяр агсны нэрэмжит болгосноороо онцлог байсан болов уу гэж бодсон.

-Дотоодын өрсөлдөөн үргэлж хэцүү байдаг. Таны хувьд?

-Мэдээж ширүүн бай­сан. Өрсөлдөгч нар их хүчтэй. Гэхдээ би өөртөө итгэлтэй байсан учраас улсын аваргадаа дөрөв дэх удаагаа түрүүллээ. Аваргын төлөө Э.Идэрхүү ахыг ялсан юм. Цаашид олон удаа таарах биз. Тэр бүртээ ялахын төлөө зүтгэх болно.

-Ингэхэд улсын аваргад хэдэн удаа оролцож байна вэ?

-Таван удаа оролцож дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна. Цаашид үүнээс ч олон түрүү авна гэж бодож байгаа.

-Улсын аваргын шүүлтийн та­лаар хүмүүс янз бүрийн бодолтой байна. Хэр шударга болсон гэж дүгнэж байна вэ?

-Миний хувьд бол шударга болсон гэж бодож байна. Ер нь манай улсын аварга шалгаруулах тэмцээний шүүлт дээр ямар нэгэн маргаан, будилаан бараг гардаггүй шүү дээ.

-Жин өгсч тоглолоо?

-Тийм ээ. Энэ жилийн улсын аваргаар олимпийн аварга Э.Бадар-Ууган ахынхаа жинд өрсөлдлөө. Дээд жиндээ өрсөлдсөн ч бэлтгэл дажгүй байсан учраас түрүүлсэн байх. Миний хувьд жин хасна гэсэн бодол бага байгаа болохоор 56 кг-д өрсөлд­сөн. Дээд жиндээ өрсөлдөж байгаа болохоор эхэндээ дасахгүй хэцүү байлаа. Гэхдээ амархан дассан шүү.

-Лондоны олимпийн дараа хэсэг хугацаанд амарсан. Дараа нь нефтьтэй орнуудын дэлхийн цомд оролцсон байгаа. Тэр талаараа товч мэдээлэл өгөх үү?

-Олимпоос хойш багагүй хуга­цаанд амарсан. Түүнээс болж бэлт­гэл алдагдах гээд байсан тал бий. Тиймээс бэлтгэлээ сайжруулж, формондоо орохын тулд нефтьтэй орнуудын дэлхийн цомд оролцож мөнгөн медаль авсан байгаа. Тэм­цээнд оролцсон өрсөлдөгч нараас олонхи нь миний мэддэг олимп, дэлхийн медальтнууд, тамирчид байсан. Гол зорилго маань бэлтгэлээ сайжруулах байсан ч нэгэнт л тэмцээнд оролцож байгаа юм чинь алтан медаль авахын төлөө зүтгэсэн. Гэвч мөнгөн медаль хүртсэн л дээ.

-Жин өгссөнөөс цаашид 56 кг-д өрсөлдөх юм байна гэж ойлголоо?

-Энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 52 кг-ын жинд өрсөлдөнө гэсэн бодолтой байгаа. Яагаад гэвэл би энэ жинд өрсөлдөж дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Үүнийг жиндээ батлахыг хүсч байна.

-Гурван жилийн дараа олимп­той. Дээд жиндээ өрсөлдөх үү?

-Тухайн үеийн нөхцөл байдалд тааруулна даа. Ямар ч байсан жин нэг их хасахыг хүсэхгүй байгаа.

-Ойрын үед ямар тэмцээн байгаа вэ?

-Хэдхэн хоногийн дараа Хөх хотруу бэлтгэлд явах гэж байна. Мөн “Химийн цом”-оос эхлээд хоёр, гурван тэмцээнд оролцох төлөвлө­гөөтэй байгаа.

-Лондоны олимпийн дараа юу хийж амрав?

-Аялал маягаар өнгөрүүлсэн гэх үү дээ. Хөдөөгөөр болон гадаадын ганц, хоёр орноор аялсан. Өөрийнхөө дур зоргоор л өнгөрүүлсэн. Зав зайгаар нь гэртээ бэлтгэл хийнэ.

-Удаан амрахаар форм алдагд­даг уу?

-Минийх харьцангуй гайгүй шүү. Жин нэмж, хасаагүй учраас биеийн галбираас эхлээд юу ч өөрч­лөгдөөгүй.

-Хэдхэн хоногийн өмнө олимп, дэлхийн медальтнууд сар бүр авах урамшууллаа авч эхэлсэн. Энэ талаар олимп, дэлхийн ме­дальтай тамирчин бүрээс сэтгэгд­лийг нь сонсох хэрэгтэй юм шиг са­нагддаг. Танд ямар санагдсан бэ?

-Мэдээж маш их баяртай байгаа. Ялангуяа ахмад тамирчдын маань урмыг сэргээсэн, амжилтыг нь үнэлсэн зөв алхам боллоо гэж бодож байна. Олон ахмад тамирчин баярла­сан байх. Бас Монголын ирээдүй болсон залуу тамирчдад маш их урам өгсөн үйл явдал болсон. Мөнгөн шагнал авч байгаа алдартнуудаа хараад залуу тамирчид маань ч ийм болохын төлөө хичээх байх. Энэ шийдвэрээс олон хүн урам авах биз.

-Бокст шимтсэн гол шалтгаан юу вэ?

-Үнэнийг хэлэхэд яг ямар учир шалтгаанаар бокс тоглох болсноо мэддэггүй юм. Бүр бага байхын л бокс, чөлөөт бөхөд дуртай бас сонирхолтой нэгэн байсан. Харин дараа нь өөрөө боксчин болсон.

-Хүн бүр өөрийн гэсэн хобби­той байдаг. Өөрөө ямар хоббитой вэ?

-Миний хобби бусдаас арай өвөрмөц л дөө. Хүмүүс янз бүрийн зүйл цуглуулдаг. Өсгөж, үржүүлдэг. Харин би сул чөлөөтэй байх хоб­битой. Хэн нэгний үгэнд баригдахгүй, эрх чөлөөтэй байж, өөрөө шийдвэрээ гаргах нь миний хобби юм даа. Ер нь би чөлөөтэй байхыг эрхэмлэдэг. Ямар нэгэн дарамт, нервт орох дургүй. Тэмцээн уралдааны үед ч гэсэн аль болох бухимдал багатай байхыг боддог. Нэг үгээр хэлбэл би эрх чөлөөтэй байх дуртай.

-Лондоны олимпийн үеэр хэр бухимдсан бэ. Ялангуяа алтан медалийн төлөөх тоглолтын дараа?

-Бухимдал багатай байсан шүү дээ. Болох юм болдгоороо л болоод өнгөрөх юм шиг санагдсан. Гэхдээ өөрийнхөө зорьж байсан амжилтдаа хүрч чадахгүй байх үнэхээр хэцүү байдаг юм. Алтан медалийн төлөө тоглолтод би жижигхэн алдаа гаргаад ялагдсан болохоор маш их харамс­сан. Нэг хэсэг л өөрийгөө буруутгаж байлаа. Олимпийн аварга болоход тун ойрхон байсан ч харамсалтайгаар ялагдсан. Олон шилдэг тамирчдыг ялж гарсан мөртлөө финалд өөрийн гэсэн тоглолтоо гаргаж чадаагүй. Өөртөө л гомдсон доо. Гэхдээ одоо энэ талаар бодохгүй байгаа.

-Ямар нэгэн тэмцээнд ялагд­саныхаа дараа өөрийгөө хэрхэн тайвшруулдаг вэ?

-Янз бүр л дээ.

-Медалийн цуглуулга хэр арвижсан бэ?

-Хоёр тууз л дүүрсэн байна даа. Одоо Азийн наадмаас медаль хүртэж чадвал олон улсын бүхий л томоохон тэмцээний медалийг авах гээд байна.

-Н.Төгсцогт хэн нэгнээс үлгэр дууриал авдаг уу?

-Олимпийн аварга Н.Түвшин­баяр, Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, олимп, дэлхийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ гээд олон ах нар бий. Тэднийгээ үргэлж хүндэлж, бас үлгэр дууриал авч, бахархаж явдаг.

-Сүүлийн үед тамирчид мэдлэг боловсролдоо анхаардаг болсон байна. Таны хувьд зөвхөн тэмцээн уралдаандаа бүх цагаа зарцуулж байна уу, эсвэл суралцаж байна уу?

-Болж л өгвөл бэлтгэл сургуулилт, боксынхоо хажуугаар мэдлэг бо­ловс­ролоо дээшлүүлэх тал дээр анхаарахыг хичээдэг. Би одоо хуучнаар Цагдаагийн академи буюу Хууль сахиулахын их сургуулийн дөрөвдүгээр дамжааны сонсогч. Энэ хавар сургуулиа төгсөөд дипломоо гардан авна даа.

Улс, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой гэсэн аав, ээж, эмээ, өвөө­гийнхөө захиасыг л үргэлж бодож явдаг. Бас гадаад хэл сурах тал дээрээ нэлээд анхаарч байгаа. Аль ч улс оронд очсон тухайн орны тамирчид­тайгаа чөлөөтэй ярилцаад ойлголцдог болох юм бол бас нэг зорилго биелэнэ дээ, одоо бол орос хэлээр яриад ойлгоно.

-Тийм үү. Багадаа орос хэлэндээ сайн байсан юм уу?

-Яахав дээ. Би нэг улирлын турш боксын дэлхийн лигт тоглосон шүү дээ. Азербайжаны “Баку Файрес” багаас нэг улирал тоглосон доо. Тэр үед багийнхантайгаа ярилцсаар байгаад орос хэлийг ойр зуурын хэмжээнд сурсан. Ер нь бол даяар­шиж буй өнөөгийн нийгэмд гадаад хэлтэй хүн хаана ч газардахгүй юм билээ. Ганц би ч биш. Манай тамир­чид өөрсдийнхөө мэдлэг боловсролд маш их анхаардаг болсон байна лээ.

-Зодог тайлахаар тэгнэ, ингэнэ гэсэн бодол байгаа юу?

-Өмнө нь энэ талаар маш их боддог байсан. Одоо бол үгүй. Ямар ч байсан өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх хэрэгтэй. Илүү, дутуу зүйл бодохгүйгээр. Өөрийнхөө ам­жилтад сэтгэл хангалуун байж, хүн бүр намайг мэддэг, надаар бахархдаг болсон үедээ л зодог тайлах, бас тайлс­ныхаа дараа юу хийх талаар бодно.

-Олимп, дэлхийн хос медаль­тай боллоо. Залуу тамирчин байх үеэс ямар ямар өөрчлөлт гарч байна вэ, мөн ялгаа?

-Анзаарсан зүйл алга байна. Гэхдээ мэдээж хүн бүр хайрлаж, хүндэлж байгаа байх. Мөн намайг дэмждэг хүн олон бий. Боксын спортын үнэнч үзэгчид Н.Төгсцогт яасан бол гэж чих тавин хүлээдэг бол­сон гэж бодож байна. Би ч хүмүү­сийг хүндлэлийг хүлээхийг хичээх болно. Ялгаа нь гэвэл хариуцлага илүү өндөр болсон юм уу даа.

-Цаашдын зорилгыг тань сонирхож болох уу?

-Ямар ч байсан энэ жилийн дэлхийн аваргад амжилт үзүүлэхийг зорьж байна. Цаашид олон зорилго бий. Өөрийнхөө хүрэхийг хүссэн бүх амжилтдаа хүрэхийг зорьж байна даа. Гаргасан амжилтдаа сэтгэл ханга­луун болсны дараа мэргэжлийн бокст хүч сорих бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Сүү­лийн асуултыг танд үлдээе?

-Намайг дэмжиж тусалдаг бүх хүнд талархал дэвшүүлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно. Мөн удахгүй монгол­чуудын Цагаан сарын баяр болох гэж байна. Тиймээс бүх ахмад тамирчид­даа болон Монголынхоо ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлье.

Б.МӨНХЗУЛ
Зохиогчийн эрх: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж