Сар шинийн гоёлд тод өнгө зонхилно

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Сар шинийн гоёлд тод өнгө зонхилно

Цагаан
сараар монголчууд үндэсний дээл, хувцсаараа гоён тэр жилийн өнгөө
тодорхойлдог билээ. Үүнийг дагаад жил бүрийн  үндэсний томоохон баярын
өмнө монгол дээлний захиалга ихэсч, хаа газрын хувцас загварын салон том
жижиг гэлтгүй захиалгад дарагддаг. 

Тиймээс жил бүрийн наадмын
дээлний өнгө, загварыг тодорхойлдог “Монгол костюмс” төвийг зорин очиж, 
тус төвийн захирал, доктор, професор Б.Сувдтай  уулзлаа.

-Цагаан сар хаяанд ирлээ. Танайх хөл хөдөлгөөн ихтэй байна шүү?

-Цагаан
сарын ажлууд эхэлчихсэн зав багатай л байна даа. Үндсэндээ өнгөрсөн оны
арваннэгдүгээр сараас эхэлсэн. Манайхан чинь сүүлийн үед цагаан сараа
их өргөн сайхан тэмдэглэдэг болсон байна. Нэг үеэ бодвол залуучууд маань
үндэснийхээ хувцсаар гоёдог болсон. Яах аргагүй цагаан сар гэдэг бол
монголчуудын маань шинэ оноо угтаж байгаа уламжлалт сайхан баяр бөгөөд
дээр нь монголчуудын ирэх жилийнхээ өнгийг бэлгэдэж байдаг сайхан баяр
юм. Тиймээс хүмүүсийн маань санаа бодол болж өгвөл цагаан сараар шинэ
дээлээр гоёвол энэ жилийн өнгө сайхан байна гэсэн уламжлал тэдний
сэтгэгдлээс харагдаж байна.

-Дээлний үзэсгэлэн худалдаа сонголт ихтэй юм?

-Манайх
үйл ажиллагаагаа явуулаад арваад жил болсон шүү дээ. Ер нь сүүлийн
жилүүдэд цагаан сараар дээлний эрэлт, хэрэгцээ ихэссэн учраас урчууд
маань үндсэндээ завгүй байдаг. Бид он гараад цагаан сарын дээлний
захиалгыг өдөрт 20-30-аар нь авч байгаа учраас ачааллаа дийлэхгүй
захиалга хаагддаг. Энэ нь өмнөх жилүүдийн туршлагуудаас харагддаг учраас
цагаан сардаа бэлтгээд тэр бүр хүмүүсийн захилгыг авч чадахгүй учраас
төрөл бүрийн загвар, материал, хэмжээгээр дээлээ урьдчилан оёдог. Мөн
ирсэн хүмүүсийг гомдоохгүй байх учиртай. Бид чинь дээл урлаж, бусдад
буян үйлдэж байгаа шүү дээ. Тийм учраас бид манайхыг зориод ирсэн хэн
бүхэн болж өгвөл таарсан дээлээ авчих боломжийг хангах үүднээс дээлээ
оёод тавьчихдаг юм. Энэ жилийн хувьд дээлний үзэсгэлэн худалдаагаа
уламжлал ёсоор гаргасан. Гэхдээ их хэмжээгээр дээл гаргаж амждаггүй л
дээ. Бид гадуур тэр бүр дээлээ дэлгүүр, үзэсгэлэн худалдаагаар гаргаад
байдаггүй ч “Монгол костюмс”-ийн үзэсгэлэн худалдааг мэддэг байнга
үйлчлүүлдэг хүмүүс маань ирээд сонирхсон дээлээ сонгодог. Түүнээс биш
учиргүй зар тавиад байдаггүй ээ. Битүүний шөнө гэхэд санд мэнд орж ирнэ
шүү дээ. Гадагшаа явах гэж байсан больчлоо гэнэт дээл хэрэг болчихлоо
гээд сандраад орж ирэх ч хүн байдаг учраас бид байнга бэлэн дээлтэй
байдаг. Дээр нь монголчууд юмыг заавал тулгадаг. Явсаар байгаад зав
гарсангүй гэсээр яг цагийг нь тулгаад ирдэг таньдаг мэддэг хүмүүс ч бий.
Тэр үед нь бид санал болгох дээлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас
бид битүүний орой хүртэл амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж
байна. Сүүлчийн өдрүүдэд үлдсэн дээлүүдээ хямдралтай үнээр зардаг
гэдгийг хэрэглэгчид маань мэддэг болсон.  

-Энэ жилийн цагаан сараар ямар дээл хамгийн их эрэлттэй байна? Өнгө, материал, загварын хувьд?

-Дизайнерууд
маань хэрэглэгчдэдээ материал, загварын сонголттой байлгах талаас
анхаарч ажилладаг. Залуучуудад гэхэд учиргүй урт дээл тохиромжгүй учраас
богиновтор, хөнгөн, уламжлалыг хадгалсан хэрнээ орчин үеийн хийц
загвартай дээл зохимжтой байдаг. Энэ нь манай нэрийн брэнд болчихсон
доо.  Түүнийгээ аль болох боломжийн үнээр худалдаалахыг зорьдог.
Залуучуудад зориулаад үнийг нь хямд байлгах бодлого барьж ажилладаг. Ер
нь цагаан сараар дээлний өнгөний хувьд тод, цайвар өнгийг илүүтэй
сонгон урлуулдаг. Уламжлал ёсоороо ч гэсэн цагаан сараар цагаан дээл
өмсдөг гээд нэг үеэ бодвол хүмүүс дээлний талаар харьцангүй сайн
мэдлэгтэй байх болсон. Цагаан сараар дээлтэйгээ хослуулан лоовууз
малгайг их сонгож байгаа. Энэ юүдэн, лоовууз малгай нь өөрөө манай маш
эртний буюу Чингис хаан, Хубилай хаан хүртэл өмсөж байсан гэж хэлдэг.
Хятадууд тухайн үед умардын зэрлэг дайчид яагаад дайн байлдаанд ялаад
байгаа арга, тактикийг нь судалж, тэр бүү хэл өмсч, байгаа хувцсыг нь
хүртэл дууриан хийж өмсөх ёстой гэсэн бодлого явуулдаг байсан гэдэг.
Тийм учраас манайхаас авч хэрэглэсэн хувцасны соёл Хятадуудад их бий.
Үүний нэг нь юүдэн малгай буюу лоовууз. Лоовууз гэдэг нь хятадын эртний
“өвгөн” гэх агуулгатай нэршил хэмээн судлаачид тайлбарладаг. Лоовууз
гэдэг маань хятадаар хуучин малгай гэсэн утга бүхий бус харин
нүүдэлчдийн эртний, хуучин  малгай гэж ойлгож болмоор байгаа юм. Ер нь
сүүлийн үед энэ лоовууз малгай дэлхий дахинд танигдан “мода” болж байгаа
шүү дээ. Энэ малгайг залуучууд маань сүүлийн үед их өмсч, дээл
хувцастайгаа хослуулж байгаа. Мөн дээл малгай, бүс, хантааз, гутал гээд
бүх юмтайгаа иж бүрэн байж төгс төгөлдөр харагддаг. Тэгэхээр дээлэн дээр
саравчтай, эсвэл огт зохицохгүй өөр малгай өмсөх, мөн доогуураа пүүз
өмсөх нь яаж харагдах вэ гэдгийг бодож, ер нь бүх талаараа иж бүрэн байж
л төгс төгөлдөр харагддаг. Тийм учраас залуучууд маань сүүлийн үед төгс
төгөлдөр өмсөхийг эрмэлздэг болсон байна. Энэ жилийн цагаан сарын
гоёлын ерөнхий хандлага бол хүннү дээл гээд хошуураад байгаа тэр загвар.
Ер нь бол энэ загвар маань яг хүннү загварын дээл биш юм.  Манай хэвлэл
мэдээллийнхэн ч гэсэн “хүннү” дээл гээд нэршчихсэн байна. Бид хэдийгээр
дээлээрээ дэгжирхэж, гангарч байгаа боловч үүнийхээ утга учрыг мэддэг
байх ёстой. Тийм учраас би үүнд залруулга хийж, энэ загвар бол XIII-XIV
зууны үеийн цэрэг эрчүүдийн дээлний загвар гэдгийг хэлмээр байна. Энэ
талаарх археологийн олдвор болох маш сайхан зээгт наамалтай дээл
Үндэсний түүхийн музейд бий шүү дээ. Энэ дээлийг Төрийн соёрхолт
Д.Сосорбарам, дуучин Д.Болд гээд урлаг, соёлынхон дууриалган хийж өмссөн
байдаг. Ийм дээлний захиалга их ирж байна. Энэ дээлийг яг тэр хийц,
загвараар нь хийвэл хүндрэлтэй л дээ. Маш нарийн ажиллага, ур чадвар,
цаг хугацаа шаарддаг. Гэхдээ бид хүмүүсийнхээ хэрэгцээг бодоод нэлээн
хэдийг оёж бэлтгэсэн.  Энэ үзэсгэлэн худалдааны үеэр хамгийн эрэлттэй,
хурдан борлогдож байгаа дээл юм. 

-Мөн дөрвөлжин захтай дээлийг манж
загвар гэх яриа бий. Тухайлбал, дуучин С.Жавхлан үүнээс болоод дугуй
захтай дээл өмсөх болсон шүү дээ?

-Дөрвөлжин зах, энгэрийг манж
загвар гэсэн яриа их байдаг. Бид энэ талаар хүмүүст зөв ойлголт өгөх
хэрэгтэй. Би дуучин Жавхлан дээлнийхээ нударга, захыг нь тайрлаа гэж дам
сонссон. Хэдийгээр би өөрийн нүдээр хараагүй ч энэ талаар хэлэхэд бид
өөрсдийнхөө өнгөрсөн түүхэнд ингэж хандаж болохгүй л дээ. Энэ бол яах
аргагүй монгол дээлэнд түүхэн хөгжлийн явцад гарсан өөрчлөлтүүдийн нэг.
Гэхдээ үүнийг яг манж гээд судалгаагаар баталчихсан тодорхой зүйл
байдаггүй шүү дээ. Тийм босоо захтай дээл Киданы үеийн археологийн
олдворуудаас гардаг. Бага хаадын үеийн хувцасны үндсэн төрхийг
илэрхийлэх Хөх хотын сүмийн ханан дахь Алтан хааны хөрөг, Их Жүнхэн
хатны зурагт дээл нь нарийн ханцуйтай, жижигхэн нударгатай байдаг. Тийм
учраас Манжийн үед нударга бий болсон гэдэг нь бас л эргэлзээтэй. Үүнээс
харахад бид өөрсдийнхөө үнэт өв болсон дээлээ маш сайн судлах хэрэгтэй
байгаа юм. Түүнчлэн өмсөх, эдлэх талаасаа бас залуус маань суралцах
хэрэгтэй санагддаг. Манайхаас дээл авч байгаа цөөнгүй залуус сайхан дээл
сонгочихоод түүнийгээ зөв сайхан өмсч, бүсэлж мэдэхгүй байх жишээтэй.
Миний бодлоор дунд сургуулийн бага ангиас нь эхлээд хүүхдүүдээ үндэсний
дээл хувцсаа зөв сайхан өмсөхөд нь сургах хэрэгтэй байх. Өөрсдийнхөө
өмсдөг дээл хувцсанд бид хүндэтгэлтэй хандах учиртай. Манай төвийг
зориод ирсэн хүмүүст дээлний тухай нэлээдгүй ярьж  хэлж өгдөг. Дээл бол
тийм ч их өөрчлөгдөөгүй, үндсэн хэлбэрээ авч үлдэж чадсан сонгодог
хэлбэрийн өмсгөл шүү дээ. Харин нүүдэлчдийн хувцас нь өөрийн овог, ястны
дунд үлдээд зогсохгүй эрт цагаас түүх соёлын холбоо хэлхээтэй байсан
бусад үндэстэн, угсаатнуудын дунд дамжин тэдний эд, эдлэлийн соёлыг
баяжуулж хөгжсөөөр байсныг баримтаар судлаачид нотолсон байдаг. Хятадын
зарим газар нутагт ноёрхлоо тогтоож байсан монгол овог, аймаг хувцасны
соёлоо Хятадад дэлгэрүүлсэн тухай ч сонирхолтой баримт байдаг.

-Дээл материал, хийцээсээ шалтгаалаад харилцан адилгүй үнээр босдог. Танай дээлнүүд ямар үнэтэй байгаа вэ?

-Хүүхдийн
дээл харьцангүй үнэтэй гардаг. Ялгаагүй л жижиг гэлтгүй олон хошмог,
эмжээр бүхий дээл том хүнийхээс дутахгүй ур хийц, цаг хугацаа шаарддаг.
Манайд өндөр мэргэжлийн урчууд ажилладаг, тэр урчуудыг гэртээ суугаад
ажилладаг хүмүүсээс өндөр цалингаар ажиллуулдаг, дээр нь бусад зардлууд
нэмэгддэг учраас зардал үнэтэй гардаг, тэр хэмжээгээрээ чанар, ур чадвар
өндөр байдаг. Залуучууд, настнуудад зориулсан зарим нэг нэр төрөл бүхий
загварыг бодлогоор хямд үнээр борлуулдаг. Эмэгтэй дан дээл уужтайгаа
150 мянгаас дээш үнэтэйгээр худалдаалагдаж байгаа бол мөн 450-650 мянган
төгрөгийн дээл ч байна. Хамгийн үнэтэй бүтэж байгаа нь битүү булган
дээл зургаан сая төгрөгийн үнэтэй. 

-Танайхаар төрийн түшээд, 
урлаг, спортынхон гээд олны танил эрхмүүд үйлчлүүдэг шүү дээ. Тэдний
дээлний сонголтын талаар сонирхуулахгүй юу?

-Ерөнхийдөө төрийн түшээд
нэг үеэ бодвол даруухан, цэгцтэй хувцаслах болсон байна. Нэг хэсэг
хэвлэл, мэдээллийнхэн болон иргэд төрийн түшээд гэхээр эрээн мяраан, юу
нь ч мэдэгдэхгүй хэтэрхий баярхаж хувцаслалаа гэж ярьдаг байсан шүү дээ.
Өнөөдөр төрийн түшээд торго биш төв сайхан даавуу, энгийн дээлийг илүү
сонирхох болсон. Тийм болохоор би хэлдэг юм, нэг хэсэг социализмын үед
дээл маань ад үзэгдэн зөвхөн хөдөө малчдын хувцас болж хувирсан үе
байсан. Эргээд энэ хувцсаа өмсч эхэлж байгаа үед учир зүггүй тэднийгээ
шүүмжлэхийг  би боддоггүй. Өмсөг, өөрсдийнхөөрөө эдлэг. Тэгээд ойлгоод
мэдрээд ирнэ. Хэтэрхий ганган дэгжин, эрээн мяраан ч гэлээ өмсч, эдлэх
гэсэн тэр сэтгэлийг  нь хүндлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Харин дээл
хувцасны түүх, соёл, уламжлал, ёс заншлын талаар мэргэжлийн хүмүүс,
судлаачид өргөн дэлгэр мэдээлэл өгч байх нь чухал. Бид ч үүнийг
өөрсдийнхөө хийх ёстой ажлын нэг гэж үзэн дуртайяа хэвлэл мэдээллээр
сурталчлахыг хичээдэг дээ.

-Өнгөрсөн жил танай төв Монгол дээлээ
ЮНЕСКО-гын тайзнаа анх удаа “Монгол хувцасны нууц товчоо” нэртэй
театрчилсан тоглолтоор толилуулсан?

-Тэгэлгүй яахав, өнгөрсөн жил
манайх маш их бүтээл арвинтай байлаа. Бид дээл хувцсаа үйлдвэрлэж,
хийдэг урчуудын хувьд, дээр нь дээл хувцсаа судлах тал дээр нэлээд
анхаарал хандуулж ажилладаг. Бид 2010 онд дээлээ алдах нь гээд бөөн
асуудал үүссэн шүү дээ. Сэтгүүлч Эмүүжин “Ерөнхийлөгч маань нүцгэрэх нь,
дээлийг маань хятадууд авах нь” гэсэн утгатай нийтлэлийг0 “Өнөөдөр”
сонинд бичиж байсан. Бид энэ үед дээлээ ЮНЕСКО-д бүртгүүлэх, материалыг
нь бүрдүүлж өгөх тал дээр Монгол дахь ЮНЕСКО-той хамтран ажиллаж байсан.
Өнгөрсөн жил бид ЮНЕСКО-гийн төв байранд очиж дээлний түүхэн хөгжлийг
харуулсан театрчилсан тавилттай, маш өвөрмөц загварын тоглолтыг
үзүүлсэн. Энэ тоглолтод Сэмүүн студийн найруулагч Б.Баярын найруулгаар
ерөнхийдөө Монголын  соёлын өв болох уран нугаралт, хөөмий, морин хуур,
бие биелгээг хооронд нь уялдуулан маш сонирхолтой байдлаар дэглэж
тавьсан юм. Тэр маань ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд болон үзэгчдийн
сонирхлыг нь татсан сайхан үзүүлбэр болж чадсан. Дээр нь манай Элчин
сайдын яамныхан, тэнд байдаг монголчууд маань тоглолтын төгсгөлд
үндэснийхээ дээлтэйгээ  тайзнаа гарч ирсэн нь дээл гэдэг маань өнөөдрийг
хүртэл монголчуудын амьд, биет соёлын өв, ахуй хэрэглээнд нь өнөөг
хүртэл байсаар байгаа юм гэдгийг харуулж чадсан. Тэд очиж тоглолт хийсэн
нь дээлээ ЮНЕСКО-д бүртгүүлсэн юм шиг тийм л сэтгэгдэл бидэнд төрж
байлаа. Заавал ЮНЕСКОД-д бүртгүүлж байж манайх шүү гэж тунхаглан
зарлахдаа гол биш. Үүнийг бид хэрэглэдэг, бидний өв юм шүү гэдгийг
баталж харуулж чадна гэдэг бол том нотолгоо гэж бодож байна.

-Энэ тоглолтыг манайд тавиач ээ гэсэн санал гадны олон орноос авсан гэж дуулсан?

-Бид
тоглолтоо youtube цахим сайтад тавьсан. Энэ талаар маш олон саналууд
Европоос ирж байгаа. Польшид бид саяхан очиж тоглох байсан ч ажлын
шалтгаанаас болоод хойшлогдсон. Гэхдээ удахгүй энэ тоглолт маань
Польшийг зорино. Мөн Унгар, Чех, Англи зэрэг улсаас урьсан. Европоор
явах бол манайд ирээч гэсэн тоглолтын урилгууд их байгаа. Тэгэхээр энэ
тоглолт бол зүгээр нэг загварын үзүүлбэр биш учраас ийнхүү олны
сонирхлыг илүү татаад байгаа болов уу. Үндсэндээ бидний тоглолт дээл
хувцас түүхийн ямар хөгжлийг дамжиж ирсэн юм бэ гэдгийг буюу хадны сүг
зургаас эхлээд Хүн, Сүмбэ, Нирун, Түрэг, Уйгар, Хидан гээд эртний
улс,XIII зуун, бага хаад, Богд хаант засаг, Ардын хувьсгалын үеэс
өнөөдрийг хүртэлх үеийг түүхчилсэн байдлаар харуулсан, сонирхолтой
дэглэлт, тавилттай, дээр нь загвар өмсөгчид маань тайзнаа жүжиглэсэн,
бүжиглэсэн байдлаар илэрхийлж байгаа учраас олны сонирхлыг татаад байгаа
бол уу.

-Монголын хувцас загварыг барууны загварын ертөнцтэй дүйцүүлэх гэж их ярих болж?

-Би
саяхан нэг сонин дээрээс уншиж байсан. Нэг дизайнер ярьсан байсан.
Барууны хувцасны соёлын хэмжээнд монголчууд хараахан хүрээгүй, өнөөдөр
хүрэх гээд явж байна гэсэн утгатай зүйл байсныг уншаад их харамсч
байсан. Яагаад гэвэл бид хувцасны өндөр соёлтой ард түмэн. Гэтэл
түүнийгээ бид мэдэхгүй гадны соёлыг хэт шүтэж байгаа нь өөрсдийнхөө
соёлыг үгүйсгэн өөрсдийгөө л доошоо хийж байгаа хэрэг шүү дээ. Үүнийг
залуу хойч үедээ их таниулж мэдүүлж байх ёстой юм.  Одоо түүх,
археологийн судалгаануудаас харж байхад бид чинь дээл хувцасны баялаг
түүхтэй, хувцасны өндөр соёлтой байсан ард түмэн шүү дээ. Үүгээрээ харин
бид бахархах учиртай.

-2013 онд “Монгол костюмс” ямар сонин зүйлсийг төлөвлөөд байгаа вэ?

-Энэ
жил манай “Монгол костюмс” төвийн арван жилийн ой тохиож байгаа. 2011
онд гаргасан Монгол хувцасны түүхэн хөгжлийн “Монгол костюмс” номоо
дахин шинэчилж, улам  баяжуулан гаргана. Энэ ном бол монгол хувцасны
түүхийг дэлхийд сурталчлах нэрийн хуудас болсон бүтээл. Үүнийгээ нэлээн
том судалгааны ажил болгон боловсронгуй байдлаар гаргахаар төлөвлөөд
байна. Монгол хувцасны судалгааны талаарх олон улсын эрдэм шинжилгээний
хурал зохион байгуулна. Түүнчлэн өөрсдийнхөө тайлан тоглолт болох
ЮНЕСКО-д тавьсан тоглолт буюу “Монгол хувцасны нууц товчоон” бүтээлээ эх
орондоо толилуулах болно. Энэ жил Хүннүгийн төрт улс байгуулагдсаны
2222 жил болж байгаа нь “Монгол костюмс” болон бидний уран бүтээлийн
хамтрагч Сэмүүн студийн 10 жилийн ойтой давхцаж байгаа тул “Хаадын хаан”
баримтат уран сайхны киног олны хүртээл болгоно гээд олон ажлыг
төлөвлөөд байгаа.    
  

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж