Монголын бас нэгэн сумоч “даваа наймаалцжээ”

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Монголын бас нэгэн сумоч “даваа наймаалцжээ”

Японы сумогийн ертөнцийг донсолгож, олон зуун жилийн түүхтэй сумогийн нэр хүндэд ан цав суулгасан “даваа наймаалцсан” гэх хэрэгт нэр холбогдсон сумочдын тоо хоёроор нэмэгдлээ. Макүүчи зиндааны зургаан сумоч, жюүрё болон доод зиндааны бөхчүүд, мөн хоёр оякатаг “эгнээндээ нэгтгэсэн” тус хэрэгт Монголын таван сумоч, үүнээс макүүчи буюу дээд зиндааны дөрвөн бөх багтсан билээ. Тэгвэл Монголын бас нэгэн сумоч энэ хэрэгт холбоотой болох нь тогтоогдсон байна. Өнгөрөгч баасан гаригт Японы сумогийн холбоо мэдэгдэл хийж, “даваа наймаалцсан” гэх хэрэгт макүүчи зиндааны нэг, жюүрё зиндааны мөн нэг бөх холбогдсон учир мөрдөн байцаалт явуулж эхэлсэн талаар мэдэгджээ. Тэдгээр нь макүүчи зиндаанд барилдаж буй Өвөрмонголын бөх Сококурай болон жюүрё зиндааны монгол сумоч Хошиказэ Б.Амармэнд нар юм. Эх сурвалжийн мэдээллээр Сококурай, Хошиказэ нар даваа наймаалцах асуудалд орооцолдоогүй хэмээн мэдэгдэж байгаа ч Японы сумогийн холбоо тэдэнд бусад сумочдын адил өөрсдийн хүсэлтээр зодог тайлах шийтгэл ногдуулах төлөвтэй байна. холбооны удирдлага ойрын өдрүүдэд хуралдаж, дээрх хоёр бөхөд ямар шийтгэл оноох талаар эцэслэн шийдэх аж.

Токио болон Васедагийн их сургуулийн профессор Шигеру Итогоор удирдуулсан хөндлөнгийн шинжээчдийн баг сумочдоос хурааж авсан бүх гар утсыг нягталж дууссаны дараа татан буугдах гэнэ. Тэр болтол энэ хэрэгт өөр бусад бөхчүүд ч холбогдохыг үгүйсгэх аргагүй юм.

Дашрамд дурдахад, “даваа наймаалцах” хэрэгт холбогдож, шийтгэл хүлээсэн бөхчүүд бүгд зодог тайлах өргөдлөө Японы сумогийн холбоонд хүргүүлжээ.  Тэдгээрийн дунд Монголын таван сумоч ч багтсан бөгөөд тэд сумогийн дэвжээг бүрмөсөн орхиод энэ долоо хоногт эх орондоо ирэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж