
Төрийн болон хувийн хэвшилд ажилд орох, тендерт оролцох, гадаадад зорчих виз мэдүүлэхэд үндсэн бичиг баримтаас гадна цагдаагийн тодорхойлолт /ялтай эсэх лавлагаа/-ыг заавал шаарддаг болоод удаж байгаа. Энэ нь иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулаад зогсохгүй зарим тохиолдолд ажилд ороход саад болдог. Тухайлбал, шүүхээр шийтгүүлж, ялаа эдэлсэн ч ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй бол цагдаагийн тодорхойлолт дээр “ялтай” гэж бичигддэг тул тухайн хүнийг ажилд авахгүй, нийгэм нь гадуурхаж давхар ялладаг байна. Тиймээс ардчилсан нийгэмд амьдарч буй зарим иргэний Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, Хувь хүний нууцын тухай хуульд заасан хувийн нууцлалтай холбоотой эрхийг зөрчиж байсан тул Хууль зүйн сайдын тушаалаар ийнхүү хүчингүй боллоо.
Дашрамд дурьдахад, ял шийтгэлийн сан нь өдөрт дунджаар 800 орчим иргэнд ялтай эсэх лавлагаа олгож байгаагийн 70 орчим хувь нь ажилд орохын тулд уг лавлагааг авдаг байжээ.
Т.МАША