Хамгийн түгээмэл нэрсийг Бат-Эрдэнэ гэдэг нэр тэргүүлсээр л. Ийм нэртэй хүн Монголд 13473 байдаг бөгөөд 1990-1999 онд төрсөн 3552 хүүхдэд байдаг байна. Энэ нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын их баяр наадамд 1988 оноос 1999 он хүртэл 11 удаа, Монголын цагаан сарын барилдаанд 1988 оноос 2000 он хүртэл 11 удаа тус тус түрүүлж монгол түмний бахархал болж байсан үетэй давхцдаг аж. “Монголчууд түрүүлсэн бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг” гэх егөө үгийг бий болгосон үеийнх нь талаар энэ удаад орхиод улс төрч гэх хүний тухайд нь сонирхоё. News.mn уламжлалт 76:1 булангийн зочин Б.Бат-Эрдэнэ.
ЖУДАГ
Түүний улс төрд орж ирэх шийдвэр олон хүнд гэнэтийн байв. Тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ынхан түүнийг “баталгаатай нэг суудал” гэж таамаглаж, мандатаа өгсөн нь маш зөв шийдвэр байв. Ард түмэнд хайрлагдсан аварга сонгуулийн өрсөлдөөнд түвэггүйхэн ялав. Хөгжилтэй нь анх Их Хуралд Хэнтийгээсээ нэр дэвших нь тодорхой бус байхад түүний гол өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Да.Ганболд сурталчилгааны сэтгүүлийнхээ голын хуудсанд аваргын зургийг томоор тавиад, өөрийнхөө зургийг хажууд нь жижгээр тавьж орон нутагтаа тараасан байдаг. Өрсөлдөгч нь хүртэл мэдэлгүйгээр өөрийг нь сурталчилж орхисон энэ сонгуулийн дүнд түүний зодог шуудаг нь албаны хувцсаар солигдов. Бөхийн дэвжээнээс шуудхан улс төрийн танхимд орох шийд нь түүний хувьд гэнэтийн сонголт байгаагүй бололтой. Тэрээр улс төрд орох бэлтгэлээ тодорхой хугацаанд бэлтгэж байжээ. МУИС-ын ХЗС-д суралцаж, намын бага хурлын гишүүн, сургуулийн захирал С.Нарангэрэлийн удирдлаган дор эрдмийн ажлаа хамгаалсан сэдэв нь, мэдээж энэ үед түүний хамгийн сайн мэдэх спортын эрх зүй байв. 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин,1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль гэхчилэнгээр спортын ертөнцөд тэргүүлж байсан түүнд парламентад шууд манлайлах боломж байсангүй. Шийдвэр гаргах эрх мэдэл, нөлөөллөөр нь зэрэглэл тогтоовол магадгүй хоёрдугаар эгнээнд, эсвэл гуравдугаар эгнээнд эрэмблэгдэхээр байв. Гэвч түүний үгийг нэгдүгээр эгнээнийхэн ч хүлээцтэй сонсдог, найр тавьдаг байлаа.
Улс төрд оруулсан хүнийх нь бүлэглэлээр нь угшил гаралыг нь тодорхойлдог. Үүгээрээ бол тэрээр Н.Энхбаярын хүн гэгддэг. Гэвч МАХН нь МАН болж, Н.Энхбаяр нь МАХН-аа байгуулан гарахад тэр дагаж “намираагүй”. Н.Энхбаярын улс төрд оруулсан, угшилынх нь хүмүүс бүгд Н.Энхбаяртай зууралдаж байхад Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн гэрээтэй зууралдсан. Ингэснийхээ ачаар уул уурхайн чиглэлээр бараг мэргэшсэн. Тэрээр намынхаа удирдлагуудад хандан ил захидал бичиж, өөрийн Ерөнхий сайдад асуулга тавьж сөрөг хүчний дууг нам дотроосоо гаргаж байв. Тэрээр яагаад нөхдөө дагаж Н.Энхбаяр дээр очоогүй шалтгаанаа “Би аль нэг дарга удирдлагын бүлэглэлд орж, хэн нэгнийг дагаад намираад явдаггүй хүн. Тэр дарга ингэж хэллээ гээд дагаад давхидаггүй. Намын удирдлагаа шүүмжлэх үедээ шүүмжилдэг. Тэглээ гээд намайг намаа орхино гэж бодох хэрэггүй” гэж тодорхой байр суурьтай байв. Тэр МАН-д үлдсэн ч МАХН–ын нөхдөө өмөөрсөн үгсийг айлгүйгээр хэлж байв. “Жижиг юм шиг боловч энэ асуудал чинь явсаар хүндэрч, энэ том нам задрах хэмжээнд хүрэхийг үгүйсгэхгүй” “Манай Ерөнхий сайд С.Батболд нөхөртэй холбоотой асуудал их байна” “Д.Арвины асуудалд намын удирдлагууд онцгой анхааран, тодорхой дүгнэлт хийх ёстой” гэх мэт шүүмжлэл цааш үргэлжилнэ.
ЗАНГАРАГ
“МАН лидергүй боллоо” гэх дүгнэлтийг олон ч хэвлэлийн байгууллага хийсэн. Ийм үед лидерүүдийн өрсөлдөөн болох Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд тун ч хүнд даваа. Хэрэв маргааш сонгууль болвол Ардчилсан намаас нэр дэвших Ц.Элбэгдоржийн эсрэг хэнийгээ өрсөлдүүлэх вэ гэдэгт тийм ч амар хариулт олдохгүй. “Яах вэ, нэгнийгээ өрсөлдүүлж болно, гэвч хэрхэн ялалт байгуулах билээ” гэх асуулт намынх нь “пи ар”-чдын толгойг гашилгаж буй биз. Өрсөлдөгч хайсан энэ үед МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох боломж нь Б.Бат-Эрдэнэ гэх “бор шувууд” нисч эхлэв. 2004 оноос хойш гуравдах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан, гол, усныхаа төлөө хэмээн “Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлнэ гэж муйхарласан, Оюутолгойн гэрээг засна гэж намынхаа удирдлагын эсрэг, засгийн газрын өөдөөс зогсч байсан “аварга”-ыг, шүүх эр мэдлийн шинэчлэл, авлигын эсрэг бүтэц бий болгосон хэмээн овоохон үнэлгээ цуглуулсан “Харвардын төгсөгч”-тэй өрсөлдүүлвэл “жинхэнэ өрсөлдөөн” болох байх гэж дүгнэцгээв.
“Яг үнэндээ С.Баярын Засгийн газар Тавантолгойн орд газрын нийт нөөцийнх нь дөрөвхөн хувийг Энержи ресурст өгсөн гэж байгаа боловч нийт коксжих нүүрснийх нь 20 хувийг, эрчим хүчний нүүрсний 18 хувийг нь өгчихсөн байгаа. Хамгийн баялаг агуулгатай нөөц, хамаг өрөм цөцгийг нь хамаад өгчихсөн” гэж шулуухан хэлэх. “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх бичиг хүргүүлсэн. Оюутолгойн гэрээг өөрчлөхөд 23 гишүүн гарын үсэг зурсан. Санал хураалтад харамсалтай нь дэмжиж байсан хүмүүс намын хайрцаг, намын дарга нарын шахалтаар эсрэг саналтай болчихлоо” гэж бухимдан чуулганы танхимын довжоон дээрээс түшүүлэн босч байсан түүний үзэл бодлынхоо төлөөх тууштай байх зан ийнхүү Ерөнхийлөгчийн байр суурин дээр ч яригдахад хүргэв. Гэвч түүний нэр дэвшиж, өрсөлдөнө гэдэг бараг боломжгүй. Учир нь шийдвэр гаргадаг намынх нь удирдлагын хувьд тэр бол ердөө тэрслүү нөхөр.