
-Манай оронд ирсэн гол зорилго, ажлын төлөвлөгөөнийхөө талаар танилцуулна уу?
-Буриадын их сургуулийн салбар сургууль Монгол Улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Монгол дахь Буриадын их сургуулийн салбарт ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчид бүгд Буриадын их сургуулийг төгссөн мэргэжилтнүүд. Тэгэхээр, нэн түрүүний зорилго бол Монгол болон Оросын их сургуулиудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал. Хоёрдугаарт, Буриадын их сургуулийн анагаах ухааны факультет нь Монголын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болон “Монос” анагаах ухааны сургуультай хамтран ажилладаг. Энэ хүрээнд анагаах ухааны салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсад шинэ техник, технологийг нэвтрүүлэх ажил багтаж байгаа. Гуравдугаарт, Монголын биеийн тамир, спортын салбарын хөгжил, энэ салбарт авч хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцох, хамтран ажиллах зорилготой танай улсад ирлээ. Мөн Новосибирскийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй дахин Монгол Улсад ирж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Шинжлэх ухааны академиудтай хамтран ажиллах, Новосибирскийн их сургуультай боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх зорилготой байгаа.
-Анагаах ухааны салбарт ямар чиглэлээр хамтран ажиллах юм бэ?
-Надтай хамт Хамгийн сүүлийн үеийн шинэ know-how болон хавдрын эсийг эрт шатанд нь оношлох, илрүүлэх ажилд судалгаа, шинжилгээ хийсэн эмч, мэргэжилтнүүд ирсэн байгаа. Зөвхөн Монгол, Орос төдийгүй дэлхий нийтэд газар аваад байгаа хавдрын өвчнийг анхан шатанд нь илрүүлж, оношлох шинэ, зөөврийн тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх талаар бид Монголын Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцож байна. Мөн хавдартай тэмцэх асуудалд эмийн хангамжийн тал дээр туслах, ямар эм бэлдмэл шаардлагатай зэрэг талаар ярилцаж байна.
-Тэгвэл биеийн тамир, спортын салбарт ямар чиглэлээр хамтран ажиллах вэ?
-Буриадын их сургууль Монголын Биеийн тамир, спортын газар, Ч.Наранбаатар даргатай 10 гаруй жил хамтран ажиллаж байгаа. Харин энэ удаад Монголын талаас санал хүсэлт гаргасны дагуу судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний ажил явуулахаар Монголд ирээд байна.
-Энэ хүрээнд ямар ажил зохион байгуулах вэ?
-Гурван үндсэн чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж байна. Нэгдүгээрт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар судалгаа хийх. Хичнээн хүн нийтийн биеийн тамираар хичээллэж байна, хэрхэн ямар байдлаар оролцож, хамрагдаж байна гэхчилэн. Хоёрдугаарт, боловсон хүчин бэлтгэх асуудал. Энэ салбарт шинэ боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх, тэднийг мэргэжлийн дагуу шинэ техник технологийг ашиглан энэ салбарт хэрхэн үр бүтээлтэй ажиллуулах талаар судалгаа явуулах. Эцэст нь, эрдэм шинжилгээний цогц баг бий болгох. Ингэснээр Монголын үндэсний шигшээ багийг бүрдүүлж, цаашдын амжилтыг цогцлооход ихээхэн ач холбогдолтой болов уу гэж харж байна.
-Тэгэхээр Монголын мэргэжилтнүүдийг Буриад, ОХУ-д суралцуулах, мэргэжил дээшлүүлэх боломжтой гэсэн үг үү?
-Буриадын их сургууль Монгол Улстай олон жил хамтран ажиллаж байгаа талаар би өмнө нь дурдсан. Хамтын ажиллагааны хүрээнд Монголын оюутнууд Буриадад суралцаж, тэнд дадлага хийж, мэргэжил дээшлүүлэх сургалтаас гадна магистр, доктор гээд зэрэг дээшлүүлэх, зэрэг хамгаалах сургалтад хамрагдаж байна. Гэхдээ үүгээр зогсохгүй Монголоос аль болох олон оюутанг зөвхөн Буриадын их сургууль биш, түүгээр дамжаад Москва, Красноярск, Санкт-Петербург зэрэг хотуудад боловсрол эзэмшүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх гарцыг хайж байна.
-Буриадын их сургууль бүхий л салбар чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг. Харин Монгол Улстай хамтран ажиллаж буй хүрээнд яагаад анагаах ухаан болон спортын салбарыг түлхүү анхаарах болов?
-Тийм ээ. Буриадын их сургууль бүхий л салбараар боловсон хүчин бэлтгэж байна. Багш, сурган хүмүүжүүлэгч, дэндүү их байж магадгүй ч дорно зүгийн зургаа, барууны зургаа, нийт 12 гадаад хэл, анагаах ухаан, нанотехнологийн шинжлэх ухаан, физик, хими гээд олон салбарыг хамарч байна. Анагаах ухааны салбарт Буриад болон Монгол Улсын хооронд нийтлэг чанар байдаг. Орчин үеийн анагаах ухаанаас гадна уламжлалт анагаах ухаан манай, танай улсад аль алинд нь хөгжсөн. Уламжлалт анагаах ухааныг онол, практикт өргөнөөр ашиглаж, хэрэгжүүлэх боломж байна. Тиймээс энэ нийтлэг тал дээр хамтарсан судалгаа шинжилгээ хийж, хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэсэн байр суурьтай байна. Биеийн тамир, спортын салбарт ч ялгаагүй бидэнд нийтлэг чанар бий. Манай хоёр улсад өндөр хөгжсөн спортын төрлүүд нь адил. Буриад, Монгол ялгаагүй тэдгээр спорт төрлийг дэмжиж, анхаарч буй учир хамтын ажиллагааг нь хөгжүүлж болох юм гэсэн үүднээс түлхүү анхаарч байна даа.
-Таныг спортод элэгтэй, спортыг дэмжиж, зүрх сэтгэлээ зориулж яваа нэгэн гэж сонссон. Монголын спорт, ялангуяа нийтийн биеийн тамирын салбарын хөгжил, үйл ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ?
-Ерөнхийдөө улс орны байдлыг харахад хөгжлийг дагаад хүндрэлтэй, сөрөг тал ч анзаарагдаж байна. Нийгэм хувьсан өөрчлөгдөж, үүнийг дагаад хүүхэд, залуусын орчин нөхцөл өөрчлөгдөж байгаагаас үүдэн залуучууд цаг зав ихтэй, хүсэл эрмэлзэл бага, зорилгогүй болж байгаа нь харагдаж байна л даа. Олон их, дээд сургууль байгаа ч чанар муу, сургуулиа төгсөөд гарсан ч ажлын байр хомс гэх мэт. Монголд ч, Орост ч ялгаагүй ийм байдал анзаарагдаж байгаа. Гэхдээ эерэг талыг нь яривал, их спортыг сонгон хичээллэж байгаа тамирчдаас гадна залуучууд нийтийн биеийн тамираар хичээллэх нь нэмэгдэж байна. Энэ бол авууштай, давуу тал гэж дүгнэж байна даа.
-Эцэст нь, цаашид Монголын биеийн тамир, спортын салбарт өргөн цар хүрээтэй ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Ойрын ирээдүйд бид эрдэм шинжилгээ, судалгааны ажилд гол анхаарлаа хандуулах болно. Сурагч, оюутнууд болон насанд хүрэгчид гээд бүх насны тамирчдын дунд судалгаа явуулж, хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох зорилго тавин ажиллаж байна.