Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ:
-Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд Батлан хамгаалах бодлогын талаар цөөнгүй зорилт, арга хэмжээг тусгаж баталгаажуулсан нь ирэх дөрвөн жилд бидний баримтлах үйл ажиллагааны гол чиглэл, стратеги байх юм. Юуны өмнө Батлан хамгаалах эрх зүйн тогтолцооны үндэс болсон “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг “Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого” нэртэйгээр шинэчлэн боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болоод байна. Энэхүү баримт бичиг батлагдснаар батлан хамгаалах тогтолцоо, түүний удирдлага зохион байгуулалт, шинэчлэл, цэргийн хүчний байгуулалт, цэргийн хүчнийг хөгжүүлэх үндсэн чиглэл гээд олон чухал асуудлыг шинээр тодорхойлох нөхцөл бүрдэнэ. Мөн стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх, экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, байгалийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, улс орны бүтээн байгуулалтад цэргийн хүчнийг оролцуулах, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалал, баталгааг сайжруулах, залуусыг цэргийн алба хаах хугацаанд нь түүхээ мэддэг, эх орон, монгол хүн гэдгээрээ бахархдаг болгох зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа онцолсон байна.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүд улс орноо батлан хамгаалах онцгой үүрэгтэй Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд Бүх цэргийн Их хар сүлдний өргөөг үзэж сонирхжээ.