Баянгол дүүрэг ахмадуудаа хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Баянгол дүүрэг ахмадуудаа хүлээн авлаа

Баянгол дүүргийн удирдлагууд өнгөрсөн амралтын өдрөөр дүүргийнхээ ахмадуудыг хүлээн авч, сар шинийн мэнд дэвшүүллээ. Энэ өдөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, орлогч дарга Г.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс ирж, ахмад буурлууддаа мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Ахмадуудаа хүлээн авах үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийг санаачлан батлуулснаа тайлагнав. Үүнээс гадна удахгүй Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, ахмад настан давхар тэтгэвэрт хамрагдах тухай хуулийг өргөн барихаа дуулгалаа. Тэрээр цааш нь “Өнөөдөр Монголд ахмадууд хүүхэд харах, гэр сахих гэх мэт үнэлгээгүй хөдөлмөр л эрхэлж байна. Тэгвэл энэ байдлыг эвдэх болно” хэмээлээ.

Харин Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат хэлэхдээ “Удахгүй бид дүүргийнхээ ахмадын чуулганыг зохион байгуулж, тэдний өмнө ямар бэрхшээл тулгамдаж буйг тодруулаад, цаашид ямар ажил хийхээ тодорхойлох болно” гэлээ. Ингээд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дүүргийнхээ нийт ахмадуудад сар шинийн мэнд дэвшүүлж, дурсгалын зүйл гардуулсан юм. Энэ өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд 3100 ахмад настан оролцлоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж