Өмгөөллийн хуулийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Өмгөөллийн хуулийг хэлэлцэв

Өнгөрөгч баасан гаригт Төрийн ордонд Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн та­лаар хэлэлцүүлэг боллоо. Засгийн газраас өргөн барьсан Өм­гөөл­лийн хуулийн шинэ­чил­сэн найруулгын төслийн уг хэлэлцүүлэгт 100 гаруй өмгөөлөгч, хуульч болон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Д.Одбаяр, болон ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Өмгөөлөгч­дийн холбооны удирдлагууд оролцлоо.

Хэлэлцүүлэг “Өмгөөллийн тухай хуулиар зохицуулах харил­цаа, олон улсын жишиг” сэдэвт илтгэлээр эхэлж, Мон­голын өмгөөлөгчдийн хол­бооны гишүүн Д.Батсүх, “Өмгөөл­­лийн үйлчилгээний зах зээл ба зохицуулалт” сэд­вээр Нийтийн эрх зүйн төвийн дарга Ц.Энх-Цэнгэл, “Өмгөөлөх ба өмгөөлүүлэх эрх, эрх чөлөө” сэдвээр Иргэ­дийн Альянс төвийн тэргүүн Ж.Занаа, мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Шүүхийн ши­нэч­лэл” сэдвээр илт­гэл тавьж хэлэлцүүлэв. Өмгөөлөгчдийн зүгээс хуу­лийн төсөлд өгөх санал, нэмж оруулах санаа оноогоо хэлснээс уг хуулийн төсөлтэй холбоотой шүүмжлэл багагүй гарлаа. Үүнд, эрх зүйн хамгаа­лалт сул, мэтгэлцэх зар­чим хэрэгждэггүй, нотлох баримтыг олж авахад хүндрэл гардаг гэх зэрэг шалтгаан шаардлагууд зонхилж байв.

Мөн шинэчилсэн төслөөр өмгөө­­лөгчийн үйлчилгээний хөл­сөнд жишиг үнэ тогтоох зэрэг зохицуулалтыг шүүм­жилж, зах зээ­лийн­хээ жур­маар зохицуулагдаж байгаа харилцаанд оролцох нь зохис­гүй. Өмгөөлөгч хүний хэдий их хөдөлмөр, зардал гаргаж байгааг Хууль зүйн яамны хэн нэгэн яаж мэдэж тогтоох вэ гэдэг нь өрөөсгөл байгаа талаар онцоллоо. Энэ мэтчилэн олон зүйл заалт өмгөөллийн эрх зүйн орчинг сайжруулах бус харин ч дордуулж байгаа тул хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэх санал ч гарлаа.

Шинэчилсэн найруулгын төслөөр өмгөөлөгч нь төл­бө­рийн чадваргүй иргэнийг өмгөөлөх хуучин хуу­лийн зохицуулалтыг илүү үйлч­лэлтэй болгож, энэхүү үүргээ биелүүлээгүй өмгөөлөгч нь тусгай санд төлбөр төлж байхаар зохицуулжээ. Уг заал­тыг өмгөөлөгч нар дэмжихгүй буйгаа илэрхийлэн өмгөөлөгч болсноороо ял хүлээж бай­гаа мэт ийм зүйл байх нь тохиромжгүй гэх тайлбарыг хийлээ. Хууль санаачлагчдын зүгээс “үүний чинь нөгөө талд төлбөрийн чадваргүй иргэ­дийн асуудал бий шүү дээ” гэх тайлбарыг хийж, хуулийн заалтыг биелүүлэх учиртайг сануулсан нь хэлэлцүүлгийн уур амьсгалыг нилээд хурцалж “тэгж яривал төлбөрийн чад­вар­гүй иргэнийг үнэ төлбөргүй өмгөөлөх шаардлага, үндэс­лэл байх­гүй шүү” гэх эсэргүүц­лийн үгс ч гарав.

Хэлэлцүүлгийг зохион байгуу­лаг­чид “энэхүү хэлэл­цүүлгээр гар­сан санал бүрийг ажлын хэсгийн хуралдаанд оруулж хэлэлцэх бөгөөд зөв зүйтэй үндэслэл, шаардлагыг хуульд тусгахын төлөө ажиллах болно. Өмгөөллийн хуулийн шинэч­лэлтийг Өмгөө­лөгч­дийн холбооны бие даа­сан, хараат бус байдлыг хан­гах, өмгөөлөгчийн хариуц­лагыг дээшлүүлэх, мэргэжил, ур чадвар, ёс зүйн талаас нь бэлтгэгдсэн өмгөөлөгч бий болгох, өмгөөлөгч бие даасан, хараат бус шийд­вэр гаргах нөхцөлийг бүрдүү­лэх, чанартай өмгөөлөл үзүү­лэх нөхцөл бүрдүүлэх боломж­той болгохын төлөө боловсруулах болно. Иймд энэхүү хэлэлцүүлгээр хяз­гаар­лагдахгүйгээр санал, зөвлөм­жөө ирүүлэх шаардлагатай байна” гэв.
 
Өмгөөллийн байгууллага социа-лизмын үеийн хэлбэрээ хадгалсаар байна

Хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа.

-Өмгөөллийн хуулийг шинэч­­лэн батлах гол үндэслэл шаардлага юунд байна вэ?

-Шинэчлэх шаардлага, үндэс­лэлүүд нилээд­гүй олон зүйл дээр харагдаж байгаа. Өмгөөллийн бай­гуул­лага цаашид яах вэ гэх зүйл яригдах боллоо. Өмгөөллийн бай­гуул­лагын шинэтгэл удаашралтай байна. Яагаад гэвэл зохион байгуу­лалтын хэлбэр нь социализмын үеийн хэлбэрээ хадгалсаар л байна. Гэтэл бид нийгмийн байгууллын хувьд томоохон хувьсал хийчихсэн, хуульчдыг боловсрол болон чанар, агуулгын  түвшинд нилээд өөрөөр харахыг шаардсан ийм үед ирчихсэн. Нөгөөтэйгүүр хорин жилийн турш өөрөө удирдах ёсны тухай ярилаа. Сүүлийн үед Ерөнхийлөгч болоод улстөрчдийн амнаас гарч буй нэг амлалт бол эрх мэдлийг иргэний нийгэмд шилжүүлэх тухай байгаа.  Энэ үг нь дурын хэсэг иргэд төрийн эрх мэдлийг авах тухай биш, мэдээлэл мэдлэгтэй иргэний нийгмийн байгууллагууд эрх мэдлийг хуваалцах тухай юм. Энэ утгаараа өмгөөллийн хуулийг шинэчлэх шаардлага бий.

-Өмгөөллийн хуулийн хэлэл­цүүлгийн үеэр шүүмжлэлт саналууд нилээдгүй гар­сан. Бүр буцаах нь зүйтэй  ч гэж байна?

-Хууль гарахад янз бүрийн гишүү­дийн эрх ашиг хөндөгддөг. Олон янзын санаа бодол гаргадаг. Иймд бид хууль тогтоох үйл ажиллагааныхаа хүрээнд эдгээр бүлгүүд, эрх ашгийн санаа бодлыг хууль гарахаас өмнө урьдчилан сонсож байх ёстой юм гэх үүднээс энэхүү хэлэлцүүлгийг хийж байна. Өмгөөлөгч, хуульчдын дунд ч гэсэн байр суурийн ялгаа байна. Энэ хуулийг буцаах эсэх асуудлыг одоо шийдэхгүй. Ажлын хэсэг хуралдаж саналаа УИХ-д оруулан тэнд шийднэ. Гэхдээ ямар санаа бодлууд байна вэ гэдгийг эхлээд сонсох ёстой. Зарим нь буцаах шаардлагатай гэж үзэж байгаа бол зарим нь засаад цааш нь явуулах шаардлагатай гэж байна. Бүр нэг хэсэг нь одоо буй хуулиар өмгөөллийн эрх зүйн харилцааг зохицуулаад байж болно ч гэж байна. Эдгээр олон янзын байр суурийг нэгтгэх болно.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж