Өргөө өөрчилж байж нүүдэл хийх үү?

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Өргөө өөрчилж байж нүүдэл хийх үү?

УИХ-ын хаврын чуулган хэрхэн эхлэхийг улс төрд сонирхол бүхий нийгмийн хэсэг анхааралтай хүлээж байв. Учир нь дөрөвдүгээр сарын 5-нд нээж, наадам дөхүүлээд завсарлах энэ богинохон чуулганаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж амжиж эсэхээс ирэх сонгуулийн хувь заяа хамаарах юм. Хаврын чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал сонгуулийн хуулийн төсөл байх ёстой төдийгүй мажоритар тогтолцооноосоо татгалзах ёстой гэсэн хүлээлт, шахалт чуулганы нээлтийг угтан идэвхжээд байлаа. Гэтэл энэ уур амьсгалыг цочирдуулам гэнэтийн тоглолтыг МАН-ын дарга С.Батболд эхлүүлж, тэрхүү хүлээлтийг “паникт” оруулаад байна.

С.Батболдын санаачилга бодит ажил болох уу?

“С.Батболд лав тэр өдөр зөв биш, зүүн хөл дээрээ боссон байх” гэдэг дүгнэлтийг улстөрчид албан бус яриандаа хавчуулж байхыг бодоход хоёр танхимтай парламенттай болох түүний санал гэнэтийн тоглолт байж таарлаа. Зарим хэсэг нь Сонгуулийн тухай хуулийг сарниаж цаг хожих гэсэн арга гэж үүнийг үзэж буй ч зүгээр нэг яриа төдий биш гэдгийг өнгөрсөн долоо хоногийн үйл явдлууд нотолж эхэллээ.
Хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Сонгуулийн хуулийн тухай хэлэлцүүлэг хүлээгдэж байгааг хэлэх завсраа уг хуулийг гишүүд болон намууд өөрсдөдөө ашигтайгаар биш, сонгогчдын төлөөллийн зарчим, сэтгэл ханамжид нийцүүлэн өөрчлөх ёстойг хэлсэн. Гэвч үүнтэй зэрэгцээд МАН-ын дарга С.Батболд бас нэгэн ажлын хэсгийг байгуулж амжлаа. Эрх барьж буй намын дарга, Ерөнхий сайд өөрөө ахлах тэрхүү ажлын хэсэг нь “парламентын танхимын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож төлөөллийн ардчиллыг улам төгөлдөржүүлэх, парламентын тогтолцоонд шинэчлэл хийх” зорилготой юм. Энэ ажлын хэсгийг бусад намуудын дарга, удирдлагуудаас бүрдүүлж буй төдийгүй дээрх зорилгын төлөө ажиллахаар санал нэгдсэнийг илтгэх санамж бичгийг парламентын гадна, дотно байх намуудтай байгууллаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эсэхийг анаж буй нийгмийн хүлээлтийг хоёр танхимт парламенттай болох Үндсэн хуулийн өөрчлөлт рүү ийнхүү чирч эхэллээ. Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН нүүдэл хийх аргаа биш, шатрын өргөө өөрчилье гэдэг саналаа зүтгүүлж байна.  
Үүнээс сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн хамт хоёр танхимтай парламенттай болж болох уу? Өөрөөр хэлбэл, хоёр өөр асуудлыг нэгэн зэрэг шийдэж чадах уу гэсэн асуулт урган гарч байна. Улс төрийн намуудын байгуулсан санамж бичгээс харвал үгүй бололтой. Намуудын байгуулсан санамж бичигт туссан эхний асуудал нь сонгуультай холбоотой ч энэ нь “сонгуулиар намууд мөнгө амладгаас татгалзах” гэсэн ойлгомжтой зарчмыг тунхагласнаар дуусч байна. Уг нь сонгуулийн тухай хуулиар мөнгөний амлалтыг хэдийнэ хориглосон юм.
Дээр дурдсан ажлын хэсгийг С.Батболд ахлах бол дэд даргаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, нарийн бичгийн даргаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Су.Батболд, гишүүдээр Ногоон намын дарга Д.Энхбат, ИЗН-ын дарга С.Оюун, ҮШН-ын дарга Ц.Цолмон, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, УНН-ын дарга Б.Батболд, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар ажиллах аж.
Эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэр, хяналтын төлөө хувьсгал өдөөхөд ч бэлэн байгаа парламентын гаднах зарим нэг улс төрийн хүчинд “Хоёр танхимтай парламент”-тай болох санал нийцтэй буй бол Ардчилсан нам үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Хэдийгээр Ардчилсан нам уг байр сууриа хамгаалахаар зэхэж буй ч энэ нь тус намыг улс төрд ганцаардуулахад хүргэнэ гэх ажиглагчид байна. Тэгвэл үүнийг тус намын удирдлага тэсвэрлэж чадах болов уу?

Хувьцааны даллага

Парламентыг хоёр танхимтай болгох санал хэрэв бодит ажил болохдоо хүрвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болно. Үндсэн хуульд ийм зорилгоор өөрчлөлт хийх бол иргэдээр хэлэлцүүлж, бүх нийтийн санал асуулга явуулах ёстой гэж судлаачид хэлдэг. Гэвч үүнд иргэд бэлэн эсэх нь эргэлзээтэй юм. Одоогоор олон нийт, нийгмийн санаа бодлыг хамгийн ихээр татаж буй зүйл Тавантолгойн ордын 536 ширхэг хувьцаа, түүнээс хүртэх ашиг болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хувьцаатай холбоотой бас нэг асуудал хэлэлцсэн нь “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн хувьцааг иргэдэд олгох тухай юм.
Иргэн бүрт хуваарилах 536 ширхэг хувьцаа бол “Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” буюу Тавантолгойн ордын лицензийг  эзэмшиж буй компанийн хувьцаа. Харин “Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын стратегийн 15 орд газрын лицензийг эзэмшиж буй том компани юм. Уг компанийн давуу эрхийн хувьцаа бол стратегийн ордуудаас ашиг авах түлхүүр гэсэн үг. Гэвч “Эрдэнэс Монгол” компанийн эзэмшиж буй ордуудаас эхний ээлжинд эдийн засгийн эргэлтэд орж буй нь Тавантолгой бөгөөд компанийн нийт үнэ цэнэ тодорхойгүй гэсэн үг.
Хувьцаа хүртэх сургаар олон нийт “Унжаад байхаар унаад ирээсэй” гэдэг горьдлогоор амьсгалж байх зуур улстөрчид ирэх жилүүдийн их мөнгөний өмнөх эрх мэдлийн хуваарилалтаа ярьж эхэллээ. Иргэд ч яах вэ, хувьцаандаа найдаж, үүгээр дамжуулан баялагтаа хяналт тавина гэж хүлээж байна. Харин улстөрчид эрх барих дээд байгууллагад сонгогдон орох боломжоо өргөтгөж, их баялаг, эрх мэдлийн төлөөх тулааны талбарт “ноён”, “бэрс”, ядахад “хүү” болох аргаа хайцгааж байна.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж