Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Мексикийн олигарх Карлос Слим Элу дэлхийн супер хөрөнгө оруулагч Уоррен Баффетийг ардаа орхиж хамгийн баян гэгдэх Билл Гейтсийн орж ирэв. Түүнийг Forbes 2009 оны дүнгээр дэлхийн тэргүүн  баячуудын жагсаалтынхаа эхэнд нэрлэсэн билээ. Түүний хөрөнгө цэвэр эсэх талаар маргаан тасрахгүй байгаа ч тэрбээр баялагаа асар хурдтай нэмэгдүүлсээр байна.

Мексикийн баяны хөрөнгө 53,5  тэрбум ам.доллар болсноос гадна, маш хурдан аривжуулж буй нь  гайхмаар. Карлос Слим Элу хэдхэн жилийн өмнө 19 тэрбумаар, 2007 оны эхний саруудад дөрвөн тэрбумаар баяжин, дэлхийд хоёрт бичигдэж буй хөрөнгөтөн Уоррен Баффетийн өмнө гишгэв.  Хямралаар “шатсан хөрөнгөө тэр 2009 онд 18,5 тэрбумаар ихэсгэж чаджээ. Хамгийн, хамгийн болох нь хоосон зүтгэл, учир нь “үнэт цаасны үнэ” дээш, доош хэлбэлздэг” хэмээн Элу ярьжээ.  Хөрөнгө нь эх орных нь дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувь болдог хүн ингэж даруухан ярьсныг гайхмаар.

Өргөн хүрээтэй магнат

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Үүнд бас ид идийн гэмээр зүйл ч нөлөөлөх нь бий.
Арваад  жилийн өмнөөс түүний нэрийг анх сонссон хүмүүс мексикчүүдийн амны уншлага шахуу болсон “хөлд орж амжаагүй байтлаа л Карлос Климийн халаасанд мөнгө хийж эхлэх юм”  гэсэн үгийг анзаарч байсан байх.  Олны дунд тархсан шинэ зүйр үг нь Мексикийн олигархийн ажил хэргийн сонирхлын олон талыг илэрхийлсэн хэрэг.  Элу өөрөө Теодор Драйзерийн мөнхөлсөн “капитализмын акулын” амьд зураг нь. Мексик эрийн бизнес стратеги нь, орлого олох боломжтой зах зээлд “хөглөрч” буй бүгдийг худалдан авах. Хамгийн гол нь хувьцаа сонгохдоо огт алдахгүй байх явдал. Карлос Слим энд алдаж байсангүй.

Түүний компани тамхи, автын сэлбэг, уурхай ба нефтийн цооногийн багаж төхөөрөмж зэргийг үйлдвэрлэхээс гадна авто машин болон байр сууцны даатгал хийдэг. “Sunborns” гэх худалдааны сүлжээгээрээ цэвэр уснаас гэр ахуйн бараа хүртэл зарахгүй зүйл гэж үгүй. “Volaris” гэдэг нисэхийн компани нь хямдхан хөлстэй тээвэр хийн хүчээ авч байлаа. Түүний бизнесийн багана нь  утсан хийгээд шуурхай холбооны “Telmex”, “Telcel” гэх Мексикийн үндэсний операторууд юм. Энэ хоёрын аль аль нь Мехсикийн зах зээлийн 90, 80 хувийг эзэлсэн монополиуд бөгөөд эзэн нь “мистер Монополи” хочтой болжээ. Тэрбээр Латин Америк түүгээр ч барахгүй Европт теле холбооны хувьцаа авахад мексик үйлчлүүлэгчдээсээ мөнгө тогтмол оруулж хөрөнгөө нэмэгдүүлж байдаг.
Олон улсын валютын сан, Дэлхийн банкны зөвлөгөөний дагуу социалист маягийн эдийн засгийг хувьчлах арга хэмжээг Мексик улс  хуучин социалист орнуудтай бараг хамт эхэлсэн. Тэрбээр “Telmex” компанийг 1999 онд тендерээр авчээ. Энэ талаараа Мехсик, Орос хоёрын эдийн засаг ихэр мэт бөгөөд, эрх баригчидтай хэн найзлана түүнд том хөрөнгө нэгэн зэрэг орж байдаг. Дон Карлос бол үүний сонгодог жишээ. Тэрбээр тухайн үеийн Ерөнхийлөгч Салинастай танил байснаар компаниа бараг үнэгүй авсан гэдэг. Дөчөөд жилийн турш янз бүрийн Засгийн газартай ажиллаж байсан ч нэг ч удаа хууль хяналтынхантай муудалцаагүй гэдэг. “Мистер Монополи” эрх мэдлээ ашиглан үнэ хөөрөгддөг гэсэн шүүмжлэлтэй учрах нь элбэг. Ер нь бол харилцаа холбооны үнэ тарифыг Мексикт хамгийн өндөр гэж шинжээчид хэлдэг.

Карлос Слим Элу Мехико хотын төвийг шинэчлэн босгож буйгаараа алдартай.  Хөрөнгийг нь цэвэр бус гэх маргаан, олсон мөнгөө гадаадын зах зээлд оруулахад нь олигархид саад болох зүйл үгүй. Хоёр, гурван жилийн өмнө тэрбээр Латин Америкийн шуурхай холбооны хэд хэдэн компанийг худалдан аваад America “Movil” компанид нэгтгэн тэндхийн зах зээлд монополичлогч болгож чадав. Компанийн үйлчилгээнд бараг 100 сая хүн хамрагдсан байлаа. АНУ-д компьютерийн худалдаа эрхэлдэг  CompUSA-н  дэлгүүрүүдийн сүлжээ, шуурхай холбооны хэд хэдэн операторуудыг худалдан авсан бөгөөд  “Saks Fifth Avenue” гэх люкс ангиллын бараа, хувцас зарах корпорацид хөрөнгө оруулжээ. Хүүхдүүд нь түүнийг компьютертай танилцуулсны дараа интернэтийг анхаарах болж Америкийн интернэт “Prodigy” компанийг худалдан авсан нь одоо Латин Америкийн орнуудад ажиллаж байна.

Мексикт нэгэн удаа

Түүний эцэг Ливаны христийн сүсэгтэн Элу Юсеф Салим Хаддад Агламаз “Дорнын од” гэсэн сүрлэг нэртэй гутал хувцасны жижиг мухлагийг 1911 онд Мексикт нээснээр бүх зүйл эхэлжээ. Тэрбумтны эцэг эх Туркийн армид дайчлагдахаас зугтан Османы эзэнт улсаас Мексикт дүрвэн гарчээ. Испани хэлтнүүдийн хүрээнд Юсеф нэр нь Юлиан болж Салим нь Слим болон хувирчээ. Юлиан Слим Ливаны худалдаачны охинтой гэрлэж, зургаан хүүхэдтэй болсон аж. Тэдний тав дахь болох Карлос 1940 онд мэндэлжээ.
Бага Слимийн бизнесийн авъяас багаас нь тодорчээ. Эцэг нь түүнийг 12 настайд мөнх бусыг үзүүлж, гэр бүлдээ бөөний худалдааны наймааны бизнесээ үлдээсэн аж. Бүр багадаа Слим ах нартаа амттан зарчихдаг байв. Мөн бүх зардлаа бичиж сурчээ. Тэрбээр 15 хүрэхдээ “Банамекс” банкин дахь дансандаа 5523 песотай болсон байв. Хоёр жилийн дараа Карлос Мехикогийн их сургуулийн инженерийн факультетад оюутан болоход, мөнгө нь 31900 песод хүрэв. 26 настайдаа эцгийн үлдээсэн хөрөнгийг арвижуулан, тэр үедээ асар ихэд тooцoгдoхooр 400 мянган ам.доллартoй бoлжээ. Слимийн маркетингийн стратеги нь чинээлэг бус хүмүүс боломжийн үнээр бараа авч болох дэлгүүрийн сүлжээ байгуулахад оршиж байв.
Карлос эцгийнхээ бизнесийн аргыг үнэлэн цэгнэсэн хүн. Эцэг нь иргэний дайны үеэр Панчо Вильийн хувьсгалт цэрэг Мехикод дөхөх цагаар хөдөлшгүй хөрөнгийн наймааг маш хямдаар зоригтой хийж байлаа. “Их зоригтой алхам гэж түүнийг нэрлэж болно. Хямрал ямар ч байсан Мексик ба Мехико хаашаа ч алга болохгүй. Улс орондоо итгэдэг бол ямар ч хөрөнгө оруулалт эргээд ашиг өгнө гэдэгт эцэг маань намайг сургасан” гэж тэрбээр хожим дурсаж байлаа. Тиймээс түүний байгуулсан анхны компани “Carso” (Карлос ба түүний талийгаач эхнэр Соумайягийн нэрийн эхний үеийн нийлбэр) ашигтай гэсэн ямар ч хувьцааг худалдан авч байв. Өдгөө “Carso” компанийн бүлэгт ордог “Erisco” нь Мексикийн уул уурхайн ба химийн том үйлдвэр.
Эцгээсээ сурсан хоёр дахь сургамж нь харилцаа холбоог эрхэмлэх. Энэ нь ч үр дүнгээ өгчээ.  Бага Слим “Telmex” компаниа тендерээр авах үед Ерөнхийлөгч байсан Карлос Салинас авлигын хэргээс зугтан, одоо Ирландад бүгж буй. Харин магнатад ямар ч хир наалдаагүй юм. Тэрбээр цагаа олон өөр “морь” сонгосон гэж болно. Мехико хотын зүүний үзэл баримтлалтай захирагч Андреас Мануэль Лопестай хамтран нийслэлийн төв хэсгийг шинэчлэн босгохоор болж түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байв. Бас Ерөнхийөгчийн сонгуульд ялсан барууны хүчний Ерөнхийлөгч Фелипе Кальдеронтай ч хэл амаа ололцдог байлаа.
Бас гадаадын түншүүдээ ч ийм бoлгooмжтoйгooр сонгодог. Жишээлбэл тэрбээр зөвлөгчөөрөө Нью-Йорк хотын захирагч байсан Рудольф Жулианыг сонгосон байв. Панамын Ерөнхийлөгч Ромын хамба II Иоанн Павелийн оршуулгад очиход нь асуудал үүсэхэд Слим хувийн онгоцоо өгч тус болж байлаа. Мексикт суугаа Америкийн элчин сайд “Корона” шар айргийн “вант улсын” өв залгамжлагч эмэгтэйтэй хуримлахад тэнд Слим АНУ-ын тэргүүн хатагтай Лора Бушийн хамт байлаа.

Олигархийн төмөр нударга

Ер нь бол Элу Мексикийн нийгэм, улс төрийн ээдрээтэй системд их зохицдог хүн. Энэ улс бизнес ба Засгийн газрын хувийн харьцааг эрхэмлэдэг гэж мэргэжилтнүүд онцолдог. Тэр нь эргээд өөрийн бизнес түншдээ тусладаг Засгийн газартай болгодог ажээ. Карлос Слим Элу энд бусад олигархиудаас ялгардаг. Тэрбээр орчин нөхцөлдөө тохирохыг эрмэлзэх бөлгөө. Жишээлбэл, өрсөлдөөний комиссын шийдвэрийг зөвшөөрч кабелийн телевиз худалдан авахаас татгалзаж байв. Бас нэг монополи гарч ирнэ гээд.
Дэлхийн хоёр дахь баян даруухан хувцаслах бөгөөд эх оронч гэдгээ харуулан “хилийн чанадад надад байр, байшин байхгүй” гэж хэлэх дуртай. Испани хэлээр голчлон харьцана. Англиар муухан ярьдаг. Эцгийнхээ нутагтаа хэзээ ч очиж байгаагүй. Израилийн сүүлчийн дайны үеэр Ливаны дайнд нэвэгдэгсдэд туслахаар барааг Сириэр дамжуулан илгээсэн боловч замдаа алга болжээ.
Слимын тэрбумаар бүтээсэн албан байр нь цонхгүй дөрвөлжин бетонон хоёр давхар сууц. Энэ байрандаа олон жил ажиллаж амьдарчээ. Эзнийх нь өрөө ажилтнуудынхаас ялгаагүй жижигхэн тасалгаа байв. Мексикийн хамгийн баян хүний албан байр гэж түүнийг гадныханд үзүүлэхэд гайхахгүй хүн яаж олдох вэ. Одоо бол огт өөр Noblesse oblige- байдал шаардаж байна гэдгийн дагуу Слимийн корпорацийн тэргүүн компани Carso нийслэлийн төвд орчин үеийн байшинтай бөгөөд “Сотби” дуудлага худалдаанаас авсан тавилгаар тоногложээ.
Элугийн ажиллах чадвар нь домог болсон юм. Тэрбээр хоногт 14 цаг ажиллах бөгөөд хэрэгтэй гэж үзвэл өглөөний дөрвөн цагт ч ажилтнуудаа хуралд дуудна. Амьдралынхаа хүнд үедээ ч Кубын навчин тамхинаас салдаггүй байлаа. Навчин тамхи түүний сул тал нь гэж болно.

Баячууд бас төлдөг

Бас нэг гар татдаггүй зүйл нь урлагийн бүтээлийн цуглуулга. Дега, Монегийн зургуудаас гадна Парис дахь Родены бүтээлийн музейн эзэн. Түүний урлагийн цуглуулга дотор ацтекийн үеийн маш үнэ цэнэтэй бүтээлүүд бий. Эхнэр нь 1999 онд бөөрний дутагдлаар өнгөрсний дараа цуглуулгаа олны хүртээл болгохоор ил гарган үзүүлсэн юм. Мексикийн урлагийн сод бүтээлүүдийн үзмэрээ “Соумайи-н музей” гэж нэрлэсэн билээ.
Одоо 70 хүрч байгаа тэрбумтан ажлаасаа бага зэрэг хөндийрсөн. Бизнесийн урсгал ажиллагааг зургаан хүүхэддээ хариуцуулаад стратегийг нь боловсруулан суух болов. Чөлөөт цагаа бонсай гэх бичилхэн модоо арчлах болон дурсгалт зүйлийн ангилалдаа зориулдаг гэнэ. Мөн буяны үйлст Билл Гейтсээс дутахгүйгаар шийдэн, өөрийн сандаа 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулан 10 тэрбум болгох үүрэг өгч байлаа.
Одоо түүний супер ажлын нэг нь Мехико хотын төвийг шинэчлэн жуулчлалын бүрд болгох санаа юм. Хоосон барилгуудыг арт урлан, уран сайхны галарей, концертын танхим болгон хувиргаж байна. Ээлжит бизнес нь гэж хэлэх хүмүүс ч байгаа. “Би мөнгийг зүгээр нэг тараадаггүй. Бодит асуудлыг хурдан шийдэхийн тулд тэдний урсгалыг чиглүүлдэг хүн” гэж  санаагаа дон Карлос тайлбарлаж байна.  

Мехсикийн нөлөө бүхий  Sentido Comun гэдэг санхүүгийн сайтаар Мексикийн баян Карлос Слим одоо 67,8 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшин дэлхийн тэргүүн баяны байрнаас 59,2 тэрбумын эзэн Билл Гейтсийг шахсан гэж 2007 оны долдугар сарын 3-нд мэдээлсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж