
Хуралдаанд оролцсон гишүүдийн хувьд Засгийн газарт “сайн”, “муу” хоёр дүнг тавив. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Оюунхорол нар “Засгийн газар “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд маш олон ажлыг хийсэн, зарим ажил зохих хэмжээгээр үр дүнгээ өгсөн хэмээн “сайн” дүн тавьж байна. Шинээр 600 орчим жижиг, дунд үйлдвэр байгуулагдсан нь, бодит үр дүн гарсны жишээ гэнэ. Гол нь энэ эрчийг сулруулж болохгүй, улам өргөжүүлэх ёстой. Мөн анхаарах асуудал бий. Албан тушаалыг ашиг хонжооны хэрэгсэл болгосныг таслахын тулд яам, агентлагуудыг цөөлж, зарим ажлыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх ёстой. Түүнчлэн Засгийн газрын зүгээс зөвхөн төрийн албан хаагчдад анхаарал хандуулдаг нь хувийн хэвшлээс төрийн албанд ажиллах сонирхлыг өдөөх болсон. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн төрийн албан хаагчдад зургаан хувийн хүүтэй зээл олгон, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах нь учир дутагдалтай, хувийн хэвшлийнхнийг ч мөн хамруулах ёстойг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сануулав. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “УИХ-аас өнгөрсөн хавар баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууц барихаар болсон. Энэнд зөвхөн төрийн албан хаагчид хамрагдах бус хувийн хэвшилд ажиллагсадыг ч багтаана. Орон сууцжуулах хөтөлбөр бол бүх монголчуудад зориулагдсан арга хэмжээ. Ингэж байж, агаарын бохирдол, утаа униар гээд олон асуудал шийдвэрлэгдэнэ. Ирэх долоо хоногийн лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар орон сууцжуулах хөтөлбөрийг дахин хэлэлцэнэ” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хувьд Засгийн газарт “муу” дүн тавив. Тэрбээр “Бизнесийн орчныг шинэтгэх жил үр дүнгээ өгсөн эсэхийг ард түмний амьжиргаагаар хэмжигдэх ёстой болохоос танхимд суугаа та бид дүгнэдэг юм биш гэж томров. Ер нь ч банкны арилжааны зээлийн жилийнх нь хүү 22 хувьтай байхад хэн зээл авч, бизнес эрхлэх юм бэ, ямар ч боломжгүй. Дээрээс нь Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчныг шинэтгэх жил” болгон зарласан байтлаа ард түмнээ мөлжсөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай төслийг УИХ-д оруулж, батлуулсан нь ухвар мөчид алхам гэв. Сангийн сайдын хариултаас үзвэл Засгийн газар тун удахгүй Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд одоогоор яамдуудаас санал авч буй ажээ. Дээрх хуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Цианит натри оруулж ирэх зөвшөөрөл авах аж ахуйн нэгж найман сая төгрөг төлөх бол хортон шавьж устгах хор оруулж ирэх компани 75 сая төгрөг төлж, тусгай зөвшөөрөл авах болж байгаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд энэ асуудлыг олонтаа тавьсан ч, санаачлага гаргасангүй. Малын бэлчээр, газар тариалангийн талбайг хортон шавьжаас хамгаалах бодис оруулж ирэх болоход 75 сая төгрөг төлөх ёстой юм уу” хэмээн бухимдаад авлаа. Салбарынх нь дэд сайдын хэлснээр асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд уламжилжээ.
Монгол хүн бүрийг 537 ширхэг хувьцаатай болгоод байгаа алдарт Тавантолгойн орд энэ удаа бас хөндөгдөв. УИХ-ын гишүүн З.Энхболд Засгийн газрын тэргүүнд хандан “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрийн дор та гадаадынханд хэт хөтлөгдөөд байна шүү” гэсэн шүүмжлэлийг хаяглав. Үүнд Ерөнхий сайд С.Батболд “Тавантолгойн асуудалд гадаадынханд хөтлөгдөх бус, УИХ-даа хөтлөгдөж ажиллаж байгаа ” гэсэн товч хариулт өгсөн юм.
Ямар ч байсан Засгийн газраас дэвшүүлсэн “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажилд шүүмжлэлтэй хандах зүйл байгаа ч эерэг үр дүн бийг Ерөний сайд онцлов. Тодруулбал, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оноос 10 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.4 хувиар өссөн байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбар дотор хүнсний аж үйлдвэрлэл 24, модон эдлэлийн үйлдвэрлэл 35.6, төмрийн үйлдвэрлэл 29.6 хувиар, эрдэс бодисын үйлдвэрлэл 54хувиар нэмэгджээ. Аж үйлдвэрийн салбарт зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоон үзүүлэлт нэмэгдээд зогсоогүй хөдөлмөрийн бүтээмж 5.5 хувиар, тус салбарт ажиллагсадын тоо өмнөх оныхоос 1.7 мянган хүнээр өссөн нь чанарын чухал үзүүлэлт хэмээн Ерөнхий сайд онцоллоо. Мөн улсын бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилсний дүнд шинээр бүртгэгдэж буй аж ахуйн нэгжийн тоо өсчээ. 2009 онд шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоо 379 байсан бол 2010 онд 4044 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлжээ. Ингэснээр үндэсний аж ахуйн нэгж 40.9 мянгад хүрчээ.
Г.Дарь