Ялтай, ялгүйг асуухгүй

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Ялтай, ялгүйг асуухгүй

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж, цагдаагийн байгууллагаас авдаг иргэдийг лавлагааг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал гэж сайд үзжээ.

Хэрвээ та шинээр ажилд орох болон гадагшаа явах, эсхүл банкны зээлд хамрагдах гэхчилэн таны биеийн байцаалт шаардагдах бүх тохиолдолд таныг анкетийг авч буй албан байгууллагаас “Цагдаагийн тодорхойлолт авч ир” хэмээн шаарддаг биз дээ. Харин тэр тодорхойлолтод нь “Иргэн … овогтой … нь урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлов” хэмээн бичдэг. Гай болж автын осол хийчихсэн, эсвэл биеэ хамгаалах зорилгоор хэн нэгнийг дэлсчихээд хорь хоногийн баривчилгаанд орсон байлаа ч гэсэн “Нөхөр … нь өмнө нь ял шийтгүүлж байжээ” хэмээн бичих болно. Та ийм тодорхойлолттойгоор ажилд орж чадах уу?

Судалгаанаас үзэхэд цагдаагийн байгууллага өдөрт дунджаар 800 орчим иргэнд тухайн иргэн ялтай эсэх лавлагаа олгож байгаагийн 70.0 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхлэх, 25.0 орчим хувь нь гадаадад явахаар виз хүсэх материал бүрдүүлэх, үлдсэн хувь нь бусад зорилгоор ашиглахаар үйлчлүүлдэг байна.

Тийм учраас хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд ялаа эдлээд гарсан хүнийг түүгээр нь давхар яллаж, нийгэмд гадуурхуулахгүйн тулд цагдаагийн байгууллагаас шаарддаг тэр лавлагааг хүчингүй болгох тушаалыг Хууль зүйн сайд гаргасан байна. Ядахдаа л иргэн өөрөө цагдаагийн байгууллага дээр очиж, 500 төгрөгөө төлөөд “ялтай, ялгүй” гэсэн бичиг гуйж суухааргүй болж. Харин хэрэв шаардлагатай гэж үзвэл  уг иргэнийг ажилд авч байгаа байгууллага нь өөрөө “Манайд ажилд орох хүсэлтээ гаргасан энэ хүний талаар лавлагаа өгнө үү. Бидний ажилд авах шаардлага нь уг хүн ял эдэлж байгаагүй байдлыг шаарддаг юмаа” хэмээн цагдаа рүү албан бичиг явуулдаг, хариултаа авдаг болж байгаа юм байна.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж