
Энэтхэгийн Дэли хотод өнгөрсөн арванхоёрдугаар сард автобусад зорчиж байсан хос руу зургаан эрэгтэй халдаж, залууг нь зодож, бүсгүйг хүчирхийлэн зодсоноос 23 настай бүсгүй гэмтлээ даалгүй Сингапурын эмнэлэгт нас барсан юм. Энэтхэгт төдийгүй дэлхий дахиныг сэрдхийлгэсэн энэхүү хэргийн улмаас Дэли хотод олон мянган хүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон хүчирхийлэх гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгахын төлөө жагсаал цуглаан хийсэн. Үүний ачаар Энэтхэгт эмэгтэйчүүдийн тусгай шүүх байгуулагдаад байгаа бол Засгийн газраас хүчирхийлэх гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгах талаарх асуудлыг өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа авч хэлэлцсэн байна. ВВС–ийн мэдээлснээр Энэтхэгийн Засгийн газрын гишүүд хүчирхийлэх гэмт хэргийн хэрэгтнүүдэд оногдуулах ял, шийтгэлийг чангатгахыг зөвшөөрсөн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч амиа алдсан бол гэмт этгээдэд цаазаар авах ял оноохыг дэмжжээ.
Б.АНХТУЯА