
Тухайлбал, Москвад байрлах Монголын Элчин сайдын яамны 10 давхар бүхий II байрыг чеченүүдэд худалдсан гэх яриа байгаа юм. Хэрэв энэ үнэн бол холбогдох газар нь үүнийг шалгах хэрэгтэй биз. Өмнө нь ОХУ-д суралцаж байсан оюутнууд тус байранд очиж, монгол хоол, хуушуур буузаа амтархаж, уулзалддаг байсан гэнэ. Дээрх байрыг Л.Хангай Элчин сайдын үед зарагдсан гэх мэдээлэл ч байна. Л.Хангай нь 2005-2009 онд ОХУ дахь Монголын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.
Москва дахь манай Элчин сайдын яамныхан өмнө нь энэ байранд амьдардаг байсан бөгөөд одоо байргүй болсноос хотын гаднаас ажилдаа ирдэг гэнэ. Тэгэхдээ өглөө, оройдоо тус бүр хоёр цаг шахам явж ажилдаа ирж, гэртээ харьдаг болсон тухайгаа ч ярьсан байна. Москва дахь манай ЭСЯ-ны II байр нь Америкийн Элчин сайдын яамны дэргэд, хотын төвд байдаг, энэ байр бүхэлдээ Монголын мэдлийнх байсан ч одоо зөвхөн нэгдүгээр давхрын хэдэн өрөөнд манай консулынхан суудаг гэдгийг олон хүн мэдэх биз ээ. Дээрх асуудлыг Гадаад харилцааны сайд Л.Болд анхааралдаа авсан биз ээ.