
Шатрын шигшээ тэмцээнд нийслэл, баруун, зүүн, хангай, төвийн бүсээс шалгарсан МУИС, ШУТИС, БХИС, ҮБТДС, ХААИС, ИЗИС, Мандах бүртгэл ДС, Плехановын их сургууль, ТТДС, Шихихутаг ДС, ХСИС, МҮДС, ТЗДС, ЭМШУИС-ийн Дархан-Уул, Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Дорнод ДС, МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургууль зэрэг нийт 20-н их, дээд сургууль, коллежийн 50 гаруй оюутан шатарчид оролцож ур ухаанаа сорьж байгаа юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын шатрын холбооны шүүгч Б.Нямдаваа ажиллаж байна.
Тэмцээн ганцаарчилсан, багийн төрлөөр явагдах ба ОУОСХ-ны дүрмийн дагуу багийн дүнг өндөр оноо авсан эрэгтэй, эмэгтэй 3 тамирчны онооны нийлбэрээр гаргана. Тэмцээнийг 9 өрөгт багтаан швейцари системээр явуулна. Тоглолтын үеийн цагийн хяналт 1 цаг 30 минут, нэмэлт нүүдэл бүрт нэмэгдэл 30 секундээр тооцох юм.
Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчид ОХУ-ын Казань хотноо зохиогдох зуны 27 дугаар Универсиад наадамд оролцох эрхтэй болно.
БНХАУ-ын Шинжинь хотноо зохиогдсон зуны 26 дугаар “Универсиад” наадамд ШУТИС-ийн оюутан, шатрын их мастер Б.Мөнгөнтуул оролцож мөнгөн медалийг хүртэж байжээ.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО