
Дээр үед италичууд асар их авьяастай ч мөнгөгүй, ядуугаасаа болж нэрд гарч чаддаггүй, гэсэн ч энэ бүхэндээ шаналж, гутардаггүй уран бүтээлчдийг “богемчууд” хэмээн нэрлэдэг байж. Дуурийн урлагийн хаан гэгдэх “Богема” дууриа Ж.Пуччини А.Мюржегийн “Богемчуудын амьдрал” хэмээх романсаас сэдэвлэн бичсэн аж. Тэрээр “Богема” дууриар авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр нийгэмд амьдарч байгааг харуулжээ. Пуччинийн хувьд энэ бүхэн Миланы хөгжмийн дээд сургуульд сурч байх үеийнх нь амьдралыг санагдуулсан дурсамжууд байсан учраас илүү үнэмшилтэй, нийцтэй илэрхийлж чадсан гэдэг. Тиймдээ ч түүний энэхүү дуурийн гол утга одоо ч үзэгчдийн сэтгэлийг өнөөдрийг хүртэл өвтгөсөөр байдаг билээ.
Дуурийн урлаг үзэгчдийн хэдэн зууны өмнөх цаг хугацаагаар аялуулан тухайн үеийн амьдралд саатуулдгаараа хоёр зууны гүүр гэлтэй. Гүүрний шат болгон өөрийн онцлог, өгүүлэмж, гаймшгийг хүүрнэнэ. Тухайлбал, “Богема”-гаас эртний Францын авьяаслаг хэдий ч тарчигхан амьдралтай залуу уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, харуусал, хагацлыг хамтдаа мэдрэнэ.
Мими.. Мими… хэмээн Рудольф эмгэнэлтэйгээр хашгирна. Үзэгчид амьсгал хураасан Мимийг тэврэн хашгирах Рудольфийн гашуудлыг хувцаалцах мэт нам гүм. Энэ бол Ж.Пуччинийн алдарт “La Bohema” буюу “Богема” дуурийн төгсгөл. Саяхан эмгэнэн гашуудаж байсан үзэгчид “Браво браво” хэмээн суудлаасаа босч алга ташина. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн дөрвөн залуу уран бүтээлчийн түлэх түлээгүй даарч, бээрэх ч уран бүтээлээ туурвиж буй тэр л дэврүүн сэтгэлээр эхэлдэг уг дуурийн төгсгөл дэндүү эмгэнэлтэй.
Парист өвөл иржээ. Гэрт хүйтэн бас харанхуй, идэх хоолгүй ч яруу найрагч Рудольф, зураач Марсель, хөгжимчин Шонар, гүн ухаанч Коллен нар хөгжилтэй, жаргалтай байцгаана. Тэд бол авьяаслаг залуус. Гэхдээ мөнгөгүй, ядуу хоосон. Сэтгэлээрээ үргэлж баян байж чаддаг уран бүтээлчид. Яруу найрагч Рудольф хажуугийн хөрш эмэгтэй Мимитэй санаандгүй байдлаар танилцан анхны харцаар бие биедээ татагдан хоёр биендээ ухаангүй дурладаг. Энэ үдэш Мимид Ө.Уянга, Рудольфийн дүрд театрын залуу тенор Б.Гомбо-Очир, Марсельд Э.Анхбаяр, хөгжимчин Шонарт Ц.Баттөр, гүн ухаанч Колленд О.Хүрэлбаатар, байрны эзэн Бенуад Э.Бумхүү, Альциндорт Б.Алтанхуяг, Мюзеттад Н.Туяа, Парпиньол тоглоом худалдагчийн дүрд М.Даваадорж, гаалийн түрүүчид Э.Бумхүү нар тоглосон юм.
Залуу тенор Б.Гомбо-Очир үзэгчдийг эзэмдэж, авьяас чадлаа гайхуулсан. Тэрээр ядуу зураач Рудольфийн дүрийг тайзнаа гайхалтай амилуулсан. Үзэгчид түүний дуу хоолой, жүжиглэлтэд уусан орох шиг бүгд л амьсгаа даран сонссон. Б.Гомбо-Очир нь театрт өнгөрсөн улирлаас эхлэн ажиллаж байгаа бөгөөд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн юм. Б.Гомбо-Очир нь өмнө нь Ж.Вердийн “Аида” дуурийн Радамест тоглож, үзэгчдийн өмнө шалгалтаа амжилттай өгч, театрын гоцлол дуучнаар орсон. Дуурийн театрын гоцлол дуучнаар орсноос хойшхи анхны том дүр нь Рудольф байсан ч тэрээр хэдийнэ үзэгчдийн танил болсон билээ.
Мөн Мимиг амилуулсан Ө.Уянгад үзэгчид харамгүй алга ташилтыг илгээсэн. Сэтгэл өвдөм, эмгэнэлт “Богема” дуурь ийнхүү үзэгчдийг гунигт автуулж орхилоо.
Сонирхуулахад, Ж.Пуччинийн хөгжим Л.Иллизи, Ж.Жакоза нарын цомнол, дөрвөн үзэгдэлт “Богема” дуурийг анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт тоглож байжээ.

