
Талибанчуудын харгислалын золиос болсон Пакистины зоригт охин Малала Английн Бирмингем хотноо мэс засал хийлгэжээ. Өдгөө 15 настай Малала Юсафзай хаалттай ертөнцийн талаар дуу хоолойгоо илэрхийлж, охидын сурч боловсрох эрхийн төлөө зоригтой дуугарсныхаа төлөө талибанчуудын бай болсон билээ. Толгойдоо буудуулсан ч амьдрах хувьтайдаа амьд үлдсэн Малала охиныг гавлын яснаас сум авах мэс заслыг өнгөрсөн онд Пакистанд хийсэн бөгөөд удалгүй нэмэлт эмчилгээ, сувилгаа хийлгэхээр Их Британийг зорьсон юм. Тэгвэл, Малала Бирмингем дэх Хатан хаан Элизабетийн нэрэмжит эмнэлэгт өнгөрсөн бямба гаригт ээлжит мэс засал хийлгэжээ. Энэ удаад охины гавлын ясны цоорхой хэсгийг титан бүрхэвчээр нөхсөн байна. Мэс засал таван цаг гаруй үргэлжилсэн бөгөөд хагалгааны дараа охины биеийн байдал тогтвортой байгаа гэж эмнэлгийн зүгээс мэдэгджээ.