Хоногийн хоол ба цагаан сар

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Хоногийн хоол ба цагаан сар

МЯНГА ХҮРЭХГҮЙ ТӨГРӨГИЙН ОРОЙН ХООЛ


Цагаан сар айсуй. Мянганы тэртээгээс тэмдэглэж ирсэн энэ их баярыг нэгэн үе хорьж, их түүхээс хасахыг оролдож байсан ч Монгол түмэн тэр болгоныг даван туулж өнөөгийн цаг үетэй золгосон. Хатуу өвлийг мэнд давж, урин цагтай золгосны их цэнгэл энэ баяраар монголчууд  маань юу байна, түүгээрээ баярлаж ирсэн. Гэтэл сүүлийн хэдэн жилд хэн нь хэнээсээ баян гэдгээ харуулах, баярхах сайхан далим болон хувирч байгаа гэж хэлж болно. Хотын төвийн томоохон хүнсний дэлгүүр, захуудаар явахад хүн бүр л тор, тэрэг бүр машин дүүрэн зүйлийг даахынхаа хирээр авч яваатай тааралдана. Харин гэр хорооллын гэгддэг дэлгүүрүүдэд тэс ондоо дүр зураг харагдана.

Тиймээс гэр хорооллын гэгддэг эгэл борхон амьдралын талаар өгүүлэхээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах олны нэрлэж заншсанаар Дэнжийн мянгын цагаан байруудыг тойрсон гэр хорооллыг зорилоо. Очиж явахдаа тэдний өдрийнхөө хоолыг яаж залгуулдгийг  мэднэ дээ гэсэн шүү хэмээн бодож явсан минь хол зөрсөн эндүүрэл байж. “Буурал ээж” хэмээх нэртэй хүнсний дэлгүүрийн босгоор алхаж, худалдагч эгчтэй хэдхэн үг солиод л энэ эндүүрэл маань ил болсон юм.

Энэ дэлгүүрээр үйлчлүүлдэг иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг зүйл нь мах, ногоо, гурил гэнэ. Гэхдээ бөөнөөр нь бүр кг-аар нь биш ширхгээр авна. Нэрт найрагч Р.Чойномын бичсэнээр “Будааг ширхгээр нь тоолж, бөс даавууг утсаар нь хэмждэг” амьдрал энд л ноёлж байна. Худалдагч эмэгтэй надад цаасан хайрцаг дүүрэн бичиг баримт үзүүлэв. Хүмүүс хоногийн хоолоо авахын тулд барьцаанд тавьсан бичиг баримт ажээ. Хүүхдийн мөнгөний дэвтэр, иргэний цахим үнэмлэх… Эзэд нь барьцаанд тавьсан бичиг баримтаа яаж ийгээд авдаг ч хэд хоноод л “буцаад ирдэг” ажээ.

Худалдагч эгчийн хэлснээр бол 3-5 ам бүлтэй нэг айл, нэг оройн амьдралаа өнгөрөөхийн тулд дэлгүүрээс нэг уут нүүрс /1300/, мод 1500, хагас килограм төмс, алгын чинээ жаахан мах, нэг уут хэрчсэн гурил гээд авахад 5000 гаруй төгрөг болж байна. Аз болж, нүүрс түлээ авахааргүй өдөр бол нэг мянган төгрөгөөр л оройн хоолоо “базаана” гэсэн баримжаа тооцоог гаргаж болох нь.

ЁСОО БОДОЖ ТАВГИЙН ИДЭЭ ЗАСНА

Ийн зогсох зуур нэг эмгэн орж ирээд, худалдагчтай их л дотно яриа үүсгэнгээ хоёр уут хэрчсэн гурил, жижиглэн гэж нэрлэдэг дотор гэдэс авсан юм. Эмгэнийг гүйцэж очоод ганц нэг үг солих гэтэл нилээд дурамжхан байлаа. Гэсэн ч тэрээр надад амьдралынхаа жаахан ч гэсэн хэсгийг ярьсан. Тэрээр талийгаач хүүгийнхээ ганц охинтой амьдардаг аж. Талийгаач хүүгийнх нь талаар асуухад “Буурал ээж” дэлгүүрийн хажууд байх худаг дээр зогсоо тав, зургаан хүн рүү хошуугаараа зааж, “Эд нартай нийлж уусаар байгаад ноднин өдийд бурхан болсон. Эд уг нь их олуулаа байсан. Үхсээр байгаад үлдсэн нь энэ хэд” гэх. Хүү нь автын инженер мэргэжилтэй, цагтаа ажил, төрөлтэй сайхан залуу байж. Гэсэн ч эхнэр нь охинтой нь хамт хаяад явснаас хойш архинд толгойгоо мэдүүж яваад жилийн өмнө нэг мөр “мэдүүлжээ”. Эмгэн тэтгэврийн 140 мянган төгрөгөөрөө ач охиноо тэжээх хоногийн хоол төдий л аргалах. Дээрээс нь өвлийн хүйтэнд түлээ түлш хэрэглэх нь тэтгэврийн хэдийг нь хамаад явчихна. “Тэтгэвэр буусан өдөр дэлгүүрт тавьсан өрөө төлөөд, сүүтэй цай чанаж уух сайхан шүү” хэмээх. Аяга цайны сүү, уут боов барьсаар түүнийг даган гэрт нь орвол гаднаасаа нэлээд муудсан жижигхэн шавар байшин ч эмэгтэй хүмүүс амьдардаг болохоор дотроо их цэвэрхэн юм. Түлээнийхээ авдар дотор цаасан хайрцгийг их л нямбай урж, эвхэн байрлуулсан байх бөгөөд үүдэнд нь хоёр жижиг ууттай нүүрс байна. Том шуудайгаар зарж байгаа Багануурын нүүрсийг мөнгө байлаа ч зөөж гэртээ авч ирж чадахгүй болохоор тэр бүр аваад байдаггүй гэсэн. Жижигхэн болоод ч тэрүү хатуу цаасан хайрцаг хийж, хэдхэн ширхэг нүүрс тавиад л байшин сайхан дулаацав. н.Хоролсүрэн гуай сайхан сүлэрсэн цай чанаж байх зуураа “Ямар ч байсан ёсыг бодож гурван үе таваг засна даа. Ноднин хүүгийн ажил явдал гээд чадаагүй. Тэгээд ч охин бид хоёр дээр ирэх хүн амьтан бараг байхгүй болохоор амар байдаг юм” хэмээн ярив. Эмээг ингэж ярихыг сонсоод “Энэ хүн хэзээ ч сэтгэлээр унаж байгаагүй болов уу” хэмээн бодогдож байсан. Хэдийгээр гуниг дүүрэн ч итгэл гэрэлтсэн харцтай шинэхэн танилынхаасаа гарахад гадаа сайхан нартай байлаа. Ирж яваа цагийн сайхныг бодож зогсоход тавдугаар ангийн ач охин нь орж ирнэ лээ. Цагийн сайханд өсч яваа дүү минь чи сайн сайхныг бүтээнэ гэдэгт итгэнэм.  

ОРОЙН ХООЛООРОО ШАРАА ТАЙЛСАН НӨХӨР

Хоролсүрэн эмээгийнхээс гараад буцаж явахад “Буурал ээж” дэлгүүрийн үүдэнд ах, эгч хоёр хэрэлдэж байна. Хэрэгт дурлан чагнавал орой нүүрс авахаар нууж орхисон 5000 төгрөгийг нь нөхөр нь олж аваад шараа тайлчихаж. Эхнэрийн харааж зүхэх дуунаар худаг дээр зогсч байсан “балгадаг” нөхдүүд ор сураггүй алга болжээ. “Хоёр хүүхдээ хөлдөж үхэхийг харах гээгүй бол яах гэж архи гудраад байгаа юм бэ? Өнөөдөр тэгээд юугаа идэх болж байна” хэмээн хашгирах эмэгтэйн дуу гудамж тойрсон ч сонсогдсоор л байсан. Гэрийнхээ хөргөгчийг онгойлгоод л хүссэн бүхнээ авч иддэг хүүхдүүд, хоногийн хоолгүй байгаа хүүхдүүд хоёрын аль нь олон болох тухай бодох гэснээ, бодолдоо гутарч уур хүрэх шиг болов.

Гэр хорооллын айлын яндангаас утаа гарч байна. Гэхдээ түлээ, нүүрснийх үү, хаймар, цаасных уу, бүү мэд.  

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж